Өнгөрсөн амралтын өдөр Буянт-Ухаа хотхоны 10.. байрны орцонд өлгийтэй хүүхдээ орхиод явсан хэрэг гарчээ. Тус байрны оршин суугчид энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэсэн байна.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хүүхдийн эцэг, эхийг тогтоож, ямар шалтгааны улмаас хүүхдээ орцонд хаяж, явсныг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Манай улс 2010, 2013 онд Дэлхий дахины эрүүл мэндийн зан үйлийн судалгаанд хамрагдсан. Тэр судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь л гэр бүл төлөвлөлт, бэлгийн замын халдварт өвчний талаар эцэг, эхтэйгээ ярилцдаг болохыг тогтоосон ч “балар” эртний ухамсартай, хүүхдээ “хог” шороо шиг төөрүүлж хаядаг явдал байсаар байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдлыг тогтоон гаргадаг судалгааны онцлогоос дурдвал, жилд 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг болохыг тогтоосон байна. Үүнээс нарийвчлан авч үзвэл, 20-оос доош насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт 5.1-5.5 хувь буюу ЕБС-ийн сурагчид, оюутнууд байдаг бол 20-34 насныхан 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Эдгээр насныхан 70 гаруй хувийг эзлэх болсон шалтгааныг тайлбарлахдаа гэр бүл төлөвлөлтийн нэг арга гэж үздэг болсон байна.
Энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “Гэр бүл төлөвлөлт гэсэн сэдвийн хүрээнд хүүхэдтэй болох нь зөвхөн эмэгтэй хүн хүүхэд гаргадаг учраас бие даан шийдэх, шийдвэрлэх боломжгүй зүйл учир эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг болохыг ойлгуулна. Дараа нь бэлгийн замаар дамжих халдврын тухай заадаг бөгөөд энэ насныхан нийт БЗДХ-ын 40 гаруй хувийг эзэлдэг учир уг сургалтыг орох зайлшгүй шаардлага байгаа хэрэг. Тиймээс БЗДХ-аас хэрхэн сэргийлэх, хор уршиг нь юу болох, хүндрэл нь юу юм бэ гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Манай залуучууд ямар ч өвчнийг эмчлүүлээд л зүгээр болчихно гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл нэгэн оюутан тэмбүүгээр өвдөөд эмчлүүлж эдгэрсэн ч, дахин шинжилгээ өгөхөд тэмбүүтэй гэсэн тэмдэг илэрч л байдаг. Түүнчлэн заг хүйтэн гэх өвчнийг дур мэдэн эмчилснээс болж антибиотикт тэсвэртэй өвчин болно. Эдгээр хавдрууд нь гурав, дөрвөөрөө хавсардаг гэдгийг мэддэггүй. Оюутан байхдаа хүүхэдтэй болоод гэр бүл болчихсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүсээгүй жирэмслэлт ямар хор нөлөөтэй юм бэ, үр хөндөлт гэдэг маань нэг талаасаа жирэмслэхээс сэргийлэх арга боловч, үүнийг жилд гурав, дөрвөн удаа хийдэггүй юм. Зайлшгүй тохиолдолд л үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ үр хөндүүлэхээс ч өмнө жирэмслэхээс урьдчилан сэргийлэх боломжууд олон байдаг юм. Төрөөгүй болон нэг удаа төрсөн эмэгтэйчүүдэд охидод зориулсан ерөндгийг байрлуулахыг зөвлөдөг. Гэхдээ бидний зүгээс бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх эсвэл тогтмол бэлгийн харилцаанд орж, хамтдаа амьдардаг бол эм уудаг байхыг зөвлөдөг. Өмнө төрж байгаагүй охидууд ерөндөг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол бид бэлгэвч хэрэглэж байхыг их зөвлөдөг бөгөөд энэ нь жирэмслэлтээс сэргийлэхээс гадна, бэлгийн замын халдвараас хамгаалдаг. Залуучууд бэлгэвч хэрэглэхээр бэлгийн хөрөлт, сулралттай болдог, хайртайгаа илэрхийлээгүй, итгэхгүй байгаа учраас бэлгэвч хэрэглэж байна гэх мэт ташаа ойлголттой яваад байдаг. Мөн оюутан залуус гэрлэхээсээ өмнө олон хүнтэй үерхэх, хайртай хүнтэйгээ унтахыг хайраа баталж, илэрхийлж буй баталгаа гэж ойлгодог.
Үүнээс болоод бэлгийн замын халдвар авч, эмчлүүлээгүйгээс болоод үр тогтоход нөлөөлдөг юм шүү гэдэг анхдагч, хоёрдогч үргүйдлийн тухай оюутан байхад нь заах нь гэр бүл төлөвлөлтөд өгч буй зөвлөгөө юм. Ер нь манай байгууллагаас эрт биш, орой биш, ойрхон биш гэсэн гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг өгдөг. Эрт биш гэдэг нь 20-иос дээш насандаа жирэмслэх, орой биш гэдэг нь 35-аас доош насандаа жирэмслэх хэрэгтэй. Мөн ойрхон биш гэдэг нь нэг төрсөн бол дараагийн төрөлт 3-4 жилийн хооронд байх ёстой гэдгийг хэлж байгаа юм.
Гэтэл манай монголчууд нэг хүүхэд харсан, хоёр хүүхэд харсан ялгаагүй гэж үзээд жил дараалж төрөх гээд байдаг. Үүнийг хориглодог учир нь эмэгтэй хүний бие бүрэн төлжөөгүй, хүүхдээ хоёр жил хүртэл хөхүүлэхгүй байх нь алдаа учраас тэр” гэжээ.