“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Д.Мөнхбат эмчийн хувьд “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал  Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон. Улмаар ГССҮТ-д хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай нийлж уг завшсан тоног төхөөрөмжийг өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг  нуун далдалсан үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд суужээ. НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасныг мөрдөгчид тогтоосон билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт холбогдох хэргийг хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Харин шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьжээ.