Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл
Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс
Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл
Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан
хэмээн Дорж Шүгдэн сахиусны урагш зургаадугаар дүрийн хувилгаан Саж Бандид Гунгаажанцан бээр Годан хааны хүсэлтээр зохиосон ном хийгээд ертөнцийн хос ёсны сургааль болох алдарт зохиол “Эрдэнийн Сан Субашид”-ын 113-р бадагт Саж Бандид бээр ирээдүйн нэгэн төрөлдөө өөрөө ямар мэт бэрх учир болохуйг тольдсон адил ухагдах агаад мөнхүү шударга оюунт бусдад сургааль болгон айлджээ.


Энэ өдөр эл бадаг шүлгээс үүдэж ийн хэмээн нэгэн бодрол бичих болсон шалтгаан нь энэ зун Алтай Таван Богд тэргүүтэй Монгол орны ариун дагшин газрууд болон эртний нандин шүтээнтэй эргэл мөргөлийн орон болсон Эрдэнэ Зуудаа бараалхан мөргөхүйн ялдраа үргэлжид сэтгэл зүрхийг минь татаж, эрхгүй сүсэг төрүүлж, золгон байдаг амарлингуй мэлмийтэй нэгэн залуу гэгээнтний дүрийг урласан зээгт наамал дэлгэмэл танх шүтээн буй. Шүтээний гол дүрийн өлмийн өмнө ༄།།གྲགས་པ་རྒྱལ་མ྄ཚན་མཆོག། буюу Дээд Дагва Жанцан хэмээн зүү ороож бичсэн алдар буй. Түүний орой дээр “Очир Дарь” бурхан, баруун дээд талд нь “Өндөр Гэгээн Занабазар”, зүүн дээд талд нь “Ногоон Дарь Эх”, баруун өлмий дор нь Эдийн тэнгэр сахиус “Намсрай”, төв дор нь Их төрөлхийтний сахиус “Гонбо” буюу “Хар Махгал”, зүүн өлмий дор нь Эрлэг Номуун Хаан буюу “Галарүпа” сахиус залсан буй.


Дагва Жанцан Гэгээнтэн бээр тэргүүндээ арван ухаанд мэргэшсэний бандида малгай асаасан ба лагшиндаа номт дээл болон жанч соёрхсон. Магнаг түшлэгтэй сэнтий дээр очир завлилаар оршиж бүрүүн лүгээ амарлингуй мэлмий нь бодь сэтгэлийн агаарт агуулсан ба зүрхэн тушаанаа зүүн мутар дор арга ухааны бэлгэдэл очир болон дээд амгаланг бэлгэдсэн дүүрэн рашаан цалгилсан гавал болон зүүн мутартаа билиг буюу хоосон чанарыг бэлгэдсэн хонх соёрхон буйг дүрсэлжээ.
Чингээд мэдээж хэрэг уг танх шүтээн аль Дагва Жанцан ламын хөрөг вэ хэмээх чухал асуулт гарч ирнэ. Шар малгайтны ахуй ёсонд хоёр их гэгээнтэн эл нэр алдраар түүхэнд мөнхөрсөн агаад эхнийх нь Богд Зонхабын тааллын хөвгүүн ахмад шавь Дүлзин Дагва Жанцан болоод хоёрдугаар нь түүний тав дахь үеийн хойд дүр Брүлгү Дагва Жанцан гэгээнтэн мөн.


Энэхүү танх шүтээнийг үзвээс манай Өндөр Гэгээнийг баруун дээр нь залсныг үзвэл Брүлгү Дагва Жанцан гэгээнтний дүр байж болох агаад, яагаад хэмээвээс энэхүү хоёр гэгээнтэн нэгэн цаг үе дор амьдран асан нь 1656 онд Брүлгү Дагва Жанцан гэгээнтэн гучин долоон сүүдэртээ Төвдийн засаг Гандан поврангын эрх баригчдын атаа хорслоос үүдэж бүрэлгэгдэх үед манай өндөр гэгээн ид хорин нэгэн сүүдэртэй Халх нутагт шашин соёлоо дэлгэрүүлж байсны дээр Брүлгү Дагва Жанцан гэгээнтэн Монголд залрах гэж байсан сурвалжийг мөхөс би саяхан олж мэдсэн буй.
Ямартаа ч эл хоёр Дагва Жанцан гэгээнтэд урд хойд төрлүүд буюу нэгэн сэтгэл үндэст их бодгалиуд хэмээх нь дамжиггүй бөгөөд Субашидын 113-р бадгийг энэхүү гэгээнтний хатуу бөгөөд үнэн түүхээр ухваас ийн: “Үнэн сайн номчин Брүлгү Дагва Жанцан гэгээнтэн бээр үтэл муу санаат төрөлхийтний өдүүлсэн муу шалтгаанаар хорлогдсон нь түүний хүчин чадал, эрдэм үйлс нь дээшлэхийн шалтгаан нөхцөл лугаа болж, Очирын Хүчин Төгөлдөр Дорж Шүгдэн сахиусны төрөл авсан агаад тэрхүү догшин сахиусны билиг билгүүний гал нь түймрийн галд хүчит салхи учрах мэт шалтгаан нөхцөл болсон ану цөвүүн цагийн хүчит шуурганд улам улам дүрэлзэн бадарч үнэн номчидыг хамгаалан буй агаад эдүгээ тив дэлхийд хүчин чадал, алдар нэр нь цуурайтаж алдаршин буй номын сахиулсан болсон ажгуу”.
Зава Дамдин ринбүчи
09.11.2021