­Цар тахлын нөхцөл байдлын улмаар манай улсын ЕБС-ууд хоёр жил орчим танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэж буй. Харин сүүлийн үед Боловсролын салбар, яам тамгын газрын дарга нар цахим хичээлийн болиулж, дан танхимаар хичээллүүлэх саналтай байгаагаа мэдэгдэх болсон.


Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвлийн сар гарч хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд дарга нар иймэрхүү санал гаргаж буйд иргэд таатай хандахгүй байна. Короновирус цар тахлаас гадна ханиад, томууны дэгдэлт ихсэх саруудад иймэрхүү санал оруулж буйд иргэдээс “амьдрал мэдэхгүй” гэх дүгнэлтийг авахад хүргээд байгаа юм.

Философийн ухааны доктор, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Г.Уянга цахим хичээлийн тухай болон оюутан суралцагч нарын боловсролын чиг хандлагын талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Өмнө нь хүүхдээ зурагт бага үз, интернэт бага ор гэдэг байсан бол одоо зурагт үз, интернэт орж хичээлээ хий гэдэг болсон. Цаг үеийн байдлаа дагаад ч тэр, техник технологийн хөгжлөө дагаад ч тэр бүх юм эсрэгээрээ эргэж байна. Энэ үед аав, ээжүүд зохист хэмжээг баримталж тохиролцож, хүүхдээ хянаж, оролцож сургах үүрэгтэй. Тэр тусам гэрээрээ суралцаж байгаа энэ үед эцэг, эхчүүдийн үүрэг хэд дахин нэмэгдэж байгаа. Гэрт тавьж байгаа шаардлага, сургуулийн орчинд тавьж байгаа шаардлага хоёр зөрөөд л эхэлбэл хүүхэд юу ч сурахгүй. Аав, ээжүүд хүүхдийнхээ хажууд багшийг нь шүүмжилж огт болохгүй. Хүүхдийнхээ ирээдүйд боддог л бол онлайн хичээлийг нь, гэрийн даалгаврыг нь цаг зав гаргаж харилцан ойлголцож хийлгэх хэрэгтэй” гэжээ

Харин “Шихихутуг их сургуулийн багш, хуульч” М.Хатанзориг “Цахим сургалтын сул болон давуу талууд” нийтлэлдээ “ Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх засгийн шийдвэр “сонголт гэхээсээ илүүтэй”, аюулгүй байдал-боловсрол хоёроо аль алийг нь харгалзаж рациональ тооцоогоор дэнсэлсэн “гаргалгаа” байлаа. Ихэнх суралцагч, сургалтын байгууллагууд энэ талаар туршлага багатай, бэлэн биш байснаас манайд багагүй хүндрэлүүд үүсэж байгаа ч, цахим сургалтад мөн цөөнгүй боломж, давуу талууд байдгийг мартаж болохгүй.
Тухайлбал, Орон зайнаас үл хамааран хаанаас ч холбогдох боломжтой, ихэнх хичээлүүдийг өөрийн боломжтой цагтаа, шөнө ч үзэж судлах боломжтой, нэг удаагийн лекцтэй харьцуулахад олон дахин давтаж үзэх боломжтой, лекцийн тэмдэглэл, үзүүлэн файлаас илүүтэй оюутанд үлдэх, судлах барьцтай материал, эх сурвалж хавьгүй их. IBM-н тогтоосноор онлайн суралцагч уламжлалт суралцагчаас тав дахин илүү их материал судалдаг аж, Удаан ойлгож, удаан мартдаг (slow learners) суралцагсдад хичээлээ ойлгох илүү боломжит хугацааг олгодог бол хурдтай суралцагч нарт танхимын сургалттай харьцуулахад, ижил хугацаанд улам их мэдлэг авах боломж олгодог, Гадаад хэлтэй оюутнуудад цахим хичээлийн чиглэмжээр цаашид гүнзгийрүүлэн судлах онлайн мэдээллийн нөөц их.Хэрэгцээтэй олон аппликейшн, программ, платформуудыг зөв ашиглаж сурна; Суралцах зүйлээ суралцагч өөрөө удирдана. Ингэснээр өөрт илүү таатай, нийцтэй аргаараа суралцах боломж нэмэгдэнэ; Эдийн засагт хэмнэлттэй: Танхимын сургалтад очих унааны зардал, нэмүү өртөг шингэсэн цайны газрын хоол, хувцасны элэгдэлт зэрэг цөөнгүй хэмнэлт гарах боломжтой;

Байгальд ээлтэй: Цахим сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад эрчим хүчийг 90% хэмнэж, агаарт тарах Co2-г 80% бууруулдаг аж. Уламжлалт сургалтад хэрэглэгдэх цаас, сургууль хүргэх машины утаа, гадуур идэх гялгар ууттай хоол хүнс зэрэг байгальд хортой олон хүчин зүйлсээс зайлсхийдэг” гэжээ.