Хаан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл гаргаж өгснийхөө  хариуд үйлялүүлэгчийг хясан боогдуулж, 15 сая төгрөгийн хахууль авсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

https://tac.mn/post/87573

Тодруулабал, Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан  Т.Ууганбаатар нь  иргэн  Ц.Н-гийн зээл авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цэргийн хотхон /**/ Б.Доржийн гудамж *** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 97.5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150,000,000 төгрөгийн зээлийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийхээ хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ц.Н -с Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах авто зогсоол дээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн 150.000.000 төгрөгийн 10 хувь болох 15,000,000 төгрөгийн хахууль авсан байна. Ингэхдээ тэрбээр хясан боогдуулсан, хэрэг нь АТГ-д шалгагдаад эхлэхэд зээл авсан гэр бүлийн хүмүүсийг сүрдүүлсэн, хэргээ нуун далдлахыг оролдсон байгаа юм. Энэ бүхэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хэрэг шүүхийн шатанд байгаа.

Дээрх хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд ХААН банкны дээрх албан тушаалтныг 150 сая төгрөгийн зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих  ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Н, Г.М нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан аж. Эл шийдвэрийг хэргийн оролцогчид эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон бөгөөд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнөөдөр ахин хэлэлцэх юм.

Эрүүгийн хуулийн 22.5.1-д .Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Мөн уг заалтын тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан байгаа нь өөрөө хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл юм.

Ийм байхад прокурорын байгууллагаас дарамтанд өртсөн иргэнд ял төлөвлөн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өөрөө хахуулийн хэрэг илрэхгүй байх суурийг бүрдүүлж байна.

Бид энэ хэргийн талаар болон шүүх хурлаас өмнө хэргийн оролцогчдоос энэ талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа