Биед нь таван зүйлийн солонгын өнгө бүрдсэн, эрүүний дор нэг мушгиа цагаан чандартай гарди лугаа төстэй үлгэрийн шувуу, тайван төвшин цагт байдаг, цөвүүн цагт байдаггүй, өндөг нь хагараагүй байхад яруу дуугаараа баясгадаг аман зохиолт гардаг шувуу аж. Эрийг нь гарьд, эмийг нь галбингаа гэдэг юм байна.

Галбингаа шувууны тухай нэг ийм домог байдаг. “Эрт галавын үед манай дэлхий одоогийнх шиг ийм хөрс шороо, хад чулуу байхгүй харин усаар бүрхсэг байсан гэнэ.
Тэр үед Хурмаст тэнгэр нэгэн түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гурван түмэн настай Галбингаа шувууг дэлхий рүү явуулжээ.
Галбингаа шувуу эх дэлхийг тойрон явж явж өндөглөх болж гэнэ. Тэгээд үүрээ засаж, өндгөө гаргах гэтэл ямар ч хуурай газар байхгүй байсан тул арга буюу өд сөдөө зулгаан үгтээж усан дээр үүр засаж, тэр зассан үүрэн дээр нь хумхын тоос буусаар байгаад хөрс шороо, улмаар хуурай газар үүссэн гэнэ. Ингэж галбингаа шувууны ачаар хөрст дэлхий үүссэн гэдэг.

Буддын шашны утга зохиолд бас аглаг өндөр ууланд амьдарч, бурхны хэлээр дуулдаг, сайн сайхан үйлс дэлгэрэхэд үзэгддэг, аз жаргалын дууч шувуухай хэмээн өгүүлдэг.