Англи хэлийг англи хүнээс нь илүү эзэмшсэн бахдам чадвартай бүсгүй бол Э.Содонтогос. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн дэргэд зогсоод орчуулахад гадны сэтгүүлчид өөрийн эрхгүй “Wow!” хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байсан удаатай.
Боловсрол мэдлэгээрээ өөрийгөө таниулсан Э.Содонтогос хатагтай олон жил ганц бие амьдарсны эцэст өөрөөсөө 10 гаруй насаар ах “Үнэн” сонингийн эрхлэгч асан Б.Ганболдтой гэр бүл болоод дөрвөн жил болж байна. Б.Ганболдын хувьд монголын сэтгүүлзүйн түүхэнд зам мөрөө тод үлдээсэн нэгэн.
Нэгэн цагт нэр зохиолч Н.Банзрагч, уртын дуучин Н.Норовбанзад нарын хүргэн явсан тэрээр ханиа өвчний улмаас алдаад гоонь биеэр олон жил хорвоог туулсан гэдэг.
Харин хатагтай Э.Содонтогосын хувьд хайр дурлалын намтар нимгэн бөгөөд “Хүний амьдралын хамгийн том өмөг түшиг бол сайн хань тэгээд боловсрол” хэмээн нэгэн хэвлэлд ярьж байсан удаатай. Тэрээр эх орондоо Гадаад хэлний дээд сургууль /одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хийн Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн төвшинд шүү.