Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ ганцхан сард буюу долдугаар сард хоёр удаа 300, 300-аар, нийт 600 төгрөгөөр нэмэгдсэн.
Эхний удаа долдугаар сарын 2-нд 300 төгрөгөөр нэмэгдэж, литр тутмынх нь үнэ 1750 төгрөг болсон бол долдугаар сарын 30-нд дахин нэмэгдэж, 2050 төгрөг болсон юм. Харин өчигдөр дахин 100 төгрөгөөр нэмэгдэж, шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлсэн. Ингэснээр литр бензин 2150 төгрөгт хүрлээ.
Бензиний үнийн нэмэгдлийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад шууд нөлөөлж, төгрөг үнэгүйдэнэ.
Шатахууны үнээрээ дэлхийд хамгийн хямдад тооцогддог Оросын шатахууны үнэ нэмэгдсээр байгаа тул манайд ч нэмэгдэх нь ойлгомжтой асуудал. Гэхдээ иргэдийн бухимдаж буй гол шалтгаан нь шатахууны үнэ дэлхийн жишгээр нэмэгддэгтэй адил цалингийн дундаж хэмжээ олон улсынхтай адилхан биш гэхэд дөхөж очих ёстойг хэлсээр байгаа юм. Тэгвэл Их Британи, Хятадын иргэд сарын дундаж цалингаараа хэдэн литр шатахуун худалдаж авах боломжтойг өөрийн улстай харьцуулан тооцоолъё.
Их Британид он гарсаар цалингийн дундаж хэмжээ 3.6 хувиар нэмэгдэж жилийн 31461 фунт буюу сарын дундаж цалин 2621 фунт болсныг “Cosmopolitan” мэдээлсэн. Тэгвэл Их Британид нэг литр бензиний үнэ 1.354 фунт гэж тооцвол сарын дундаж цалингаараа 1935.7 литр бензин худалдаж авах боломжтой. Урд хөрш БНХАУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар сарын дундаж цалин 5.2 хувиар өсөж 22717 юань болсон байна. Хятадад нэг литр тутамд бензиний үнэ 7.58 юань байгаа гэж үзвэл сарын дундаж цалингаараа хятад иргэд 2996.9 литр бензин худалдаж авна. Харин манай улсын иргэдийн сарын дундаж цалин энэ оны гуравдугаар сарын Монголбанкнаас гаргасан инфляцийн тайлангаас үзэхэд 1.32 сая төгрөг байв.
Үнэн хэрэгтээ дундаж цалин 993 мянган төгрөг байгааг судлаачид хэлж байна.
Үүнийг АИ-92 бензиний одоогийн ханшаар тооцвол иргэд сарын дундаж цалингаараа 461 литр бензин л худалдаж авах чадамжтай байгаа юм.
Олон улсын шинжээчдийн таамаглал биелэж цаашид бензиний үнэ өсвөл иргэдийн нуруун дээрх ачаа дахин нэмэгдэх магадлалтай байна.