Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2017-2019 онд ажиллаж байсан Төмөрбаатарын Баясах тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Зургийн тайлбар: Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах 

Тэрбээр Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудад хууль бус үүрэг өгч, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг М.Ширэндэв гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, үүрэг гүйцэтгэгч болсон атлаа Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга асан, тус дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэвт эл хорооны нутаг дахь Далангийн-1 тоот 273 ам метр талбай бүхий газрыг олгуулсан аж.

Уг нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны хоёрдугаар сард уг газрыг авах гэсэн М.Ширэндэвийн хүсэлтийг хэлэлцээд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан учраас эзэмшүүлэхээс татгалзсан гэнэ. Гэвч ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв Засаг даргадаа хандан уг газрыг авахаар гуйжээ. Т.Баясах гуйлтыг нь зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нарт хүссэн газрыг нь М.Ширэндэвт олго гэсэн үүрэг өгсөн байна. Улмаар Ц.Отгонбямба “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн төсөл бичиж, түүний хавсралтын 44 дүгээрт М.Ширэндэвийн нэрийг оруулан, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, Далангийн-1 тоотын 273 ам метр талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас зөвшөөрсөн байдлаар тушаал, шийдвэр гаргуулжээ. 2020 оны тавдугаар сарын 1-нд А/209 дугаартай “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид Т.Баясах гарын үсэг зурж баталгаажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал мөн оны зургадугаар сарын 3-нд 000073862 дугаартай Газар эзэмших гэрчилгээ бичиж, М.Ширэндэвт дээрх газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна. Гэвч М.Ширэндэв газар эзэмших гэрчилгээ гаргуулж аваад удалгүй иргэн М.Баяржавхланд таван сая төгрөгөөр худалдаж, эрхээ шилжүүлсэн байна.

НПГ-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал, ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба, ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол М.Ширэндэвийг мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нууж, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан хэмээн эл хуулийн 18.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Учир мэдэх, Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ хэргийг шүүх шударгаар шийдэж чадах, эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэдний ийн хардаж буй шалтгаан нь Засаг дарга асан Т.Баясах, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтантай хамт ажиллаж байсан, сонгуульд нь хүчин зүтгэж явсан учраас нөлөөлж болзошгүй гэж үзэж буй юм билээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.