Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар өнгөрсөн хавар томилогдсон, өмнө нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан Ж.Наранмандах нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр Б.Баярмаа гэх хүний хамтаар иргэн Т, Э нарын үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогдсон аж. Тэд дээрх хоёр хүний үл хөдлөх таван хөрөнгийг БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Түүнтэй хамт яллагдагчаар татагдсан Б.Баярмаа нь тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлсэн хэрэгт холбогдсон юм байна. Ж.Наранмандахын тухайд өдгөө Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дүүргийн Онцгой комиссын дэд даргаар ажиллаж буй бөгөөд өнгөрсөн арарвдугаар сард ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол сэргээн олгосон аж.

Цэргийн сургууль төгсөж, зэвсэгт хүчинд алба хааж байгаад чөлөөлөгдсөн, өмнө нь хоёр ч удаа ял шийтгүүлээд өршөөгдсөн, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа Тавантолгойн цэргийн сургалт бэлтгэлийн төвд дайчилгааны сургалтад гурав хоног хамрагдаад хурандаа цолтой болсон түүний цолыг сэргээхдээ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар сайтар судлаагүйгээс цэргийн цолны нэр хүндийг шавартай хутгасан гэхэд хилсдэхгүй нь.

Зургийн тайлбар: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  дарга, хурандаа Жамъянмядагийн Наранмандах

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн яллагдагчид ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол олгочихсон гэсэн үг. Эрүүгийн хэргийн яллагдагч, холбогдогчид цэргийн цол олгосон явдлыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан, “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсгийнхэн анхааралдаа авахад буруудахгүй нь лавтай.

Төрийн эрхийг барьж буй МАН-ын анхан шатны нэгжид ажиллаж байсан, дүүргийнхээ ИТХ-д ч сонгогчдоо төлөөлж үзсэн, намынхаа, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нөлөөгөөр төрийн албан тушаал хаших болсон эрхэм ийнхүү бусдыг залилж, хохироочихоод буй нь төрийн тусгай албан хаагчийн ёс зүйд нийцэмгүй. Шүүх удахгүй Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нарт холбогдох хэргийг дэнслэх биз ээ.