“Алсыг зорьсон аяны шувууд шиг
Амраг чи минь холыг зориход
Халуун зүрх минь хагацлаар шимширч
Харгуй зам дээр ганцаар хоцорлоо”…
хэмээн дуугаар олны хайр хүндэтгэлийг хүлээх сууриа тавьсан хүн бол “Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Д.Ганболд. Түүнийг Монгол улсын гавъяат жүжигчин цол тэмдэгээр өнөөдөр шагнахаар болсон байна.
“Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хайрын дууг минь сонсооч” зэрэг дуунуудаар олонд танигдаж явсан “Айзам” хамтлаг ардчилсан хувьсгал ялсны дараа “тарж, зах зээлийн шуурганд гишүүд нь өөр өөрсдийн мөрийг хөөн оджээ. Хөгжимд үнэнхүү хайртай Д.Ганболд үүний дараа дуу, шүлгээр амжилт олж гавьсангүй, бас өөр салбарт ч хүч үзэж зүрхэлсэнгүй. Түүний амьдрал сүүлийн 30 жилд таг зогсжээ. 1996 онд автын хүнд осолд орж, 2006 онд цус харвасан тэрбээр гитараа ч барьж чадахгүй хэцүү цаг хугацааг туулж, өнгөрсөн 2020 онд рок попынхны дэмжлэгтэйгээр түүнийг байртай болгосон билээ.