Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган өнгөрсөн хоёр өдөр эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.


Тэдний дунд Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнууд багтаж, төрийн одон хүртсэнд олон нийт ихэд талархжээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Тохижилд үйлчилгээний байгууллагад 12 жил ажилласан Н.Батмөнх Алтангадас одонгоор шагнагдсан.

Түүний хувьд өдгөө 64 настай ч хотоо цэвэрлэх ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хөдөлмөрч нэгэн юм. Тэгвэл түүний “Алтангадас” одонгийн найрыг Зайсанд байрлалтай “Буган Халиун” ресторан үнэгүй хийж өгөхөө амалсан бол нийтийн дуучдаас Найдандорж, Б.Буянжаргал, Э.Чинбаяр, А.Түмэн-Өлзий нар үнэ төлбөргүй ая дуугаа өргөхөө амаллаа.

Мөн, нийгмийн идэвхитэн, сошиал од Нара өөрийн цахим хуудсаараа 1000 төгрөг цуглуулах хандивын аян өрнүүлж, хандивт цугларсан мөнгийг тэр чигээр нь өгөхөө мэдэгдлээ. Хандив зарлагдаад 10 минут болоход түүний дансанд 1 сая 500 мянган төгрөг цуглараад байсан юм.