Биткойноор хөлжсөн гэгддэг олноо Домог IZ нэрээр алдаршсан тэрбумтан Б.Ирээдүйгийн талаар сүүлийн үед блогер, ютүберүүд бичлэг хийх болжээ.
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө АНУ-д амьдардаг ютүбер Түшиг “Домог IZ хэрхэн мөнгө олдог вэ”, “Домогт IZ гэж хэн бэ?” гэх мэт цуврал бичлэгийг үзэгчдийн хүртээл болгосон. Энэ үеэрээ түүнийг зөвхөн биткойноос мөнгө олдоггүй, цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг болохыг ярьсан.
Харин хоёр хоногийн өмнө БНСУ-аас блог хийдэг Золбоо мөн л тэдний талаар мэдээллийг хүргэж, Домог IZ-ын талаарх мэдээллүүдийг нотлох баримттай үзэгчдийн хүртээл болгож, цахим мөрийтэй тоглоомноос хүүхэд залуусыг сэрэмжлүүлэв. Түүний ингэж хардах болсон шалтгаан нь Домог IZ өөрийн цахим хуудаснаа “Монголчууд сард 70-120 тэрбум төгрөгийг гадагшаа гаргадаг байсан. Бид үүнийг гаргахгүйн тулд өөрсдийн гэсэн сайт нээсэн” хэмээжээ. Мөн тэрээр Идрээ подкастад ярилцлага өгөхдөө өөрийн орлогын эх үүсвэрийнхээ талаар ярилцахдаа маш их сандарч байсныг онцолсон байна.
Хэрэв ютуберүүдийн ярьж буй нь үнэн бол, хууль хяналтынхан шалгаач ээ. Олон хүн мөрийтэй тоглоомноос болж эдийн засаг, гэр бүлийн харилцаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна шүү дээ.