“Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн ятгачин Ч.Мөнх-Эрдэнийг танихгүй хүн ховор.
Хэсэг уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр хүнд өвчнөө гадаадад эмчлүүлж эдгээж чадсан юм. Монголчуудынхаа өглөг хандив, сэтгэлийн дэм хүчээр хөл дээрээ босох цаг ирнэ хэмээн ярьж байсан тэрбээр “Хотулун гүнж” киноны нээлтэд хүрэлцэн иржээ.
Олны танил гэхээрээ чамирхаж гоёсонгүй, хэвлэлийнхнээс зугтаж нүүр буруулсангүй. Энгийн хэрнээ эрхэмсэг даруухнаар энд алхаж явна.
Ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндөрөөр үнэлдэг. 2005 онд АНУ-ын Манхюттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим”, Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас “Шилдэг уран бүтээл” зэрэг шагнал гардсан удаатай билээ.