МУБИС-ийн Эдийн засаг хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Л.Ганцэцэгийг албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутган шалгаж дуусжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин “Цалгайн хүү” ХХК-ийн захирал Д.Мөнхжаргалд давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллагдагчаар тооцсон аж.
“Оюутны өргөө цогцолбор”-ын 1000 оюутны байранд 2014 оны аравдугаар сард “Цалгайн хүү” ХХК-иас захирал “MIDEA TWJI120-1002” загварын хагас автомат угаалгын машиныг нэг бүрийг нь хоёр сая төгрөгөөр худалдан авах гэрээ дээр нэр дурдсан хүмүүс байгуулсан аж. Уг нь дээрх угаалгын машины зах зээлийн үнэ нь тухайн үед 289 900 төгрөг байжээ. Харин Л.Ганцэцэг, Д.Мөнхжаргал нар зах зээлийн дунджаас даруй долоо дахин илүү үнээр худалдан авах шууд гэрээг байгуулж, тухайн сарынхаа 31-нд 40 саяыг шилжүүлэн МУБИС-д хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэнэ. Уг хоёр хүнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг удахгүй хэлэлцэхээр болж буй аж.