Хууль зүй дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг 10 гаруй байгууллага бий.
Эдгээрээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн бол шинжлэх ухаанч, төрд хуулийн дагуу үүрэг хүлээх байгууллага юм. Өөрөөр хэлбэл тус байгууллагын даргаар шүүх шинжилгээний байгууллагад 12 жил ба түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай хүн томилогдох шаардлагатай байдаг.
Гэтэл тус газрын даргаар сүүлийн үед тэтгэвэрт гарах хугацаа нь дөхсөн цагдаагийн хурандаа нар очсоор байгаа бололтой.
Тухайлбал, ШШҮХ-ийн захирлаар Б.Ядамдорж 2020 оны 09-р сард томилогдож байв. Тэтгэвэртээ гарах дөхсөн Б.Ядамдорж нь цагдаагийн угшилтай нэгэн болохоос шинжлэх ухаанч бус болохоор ШШҮХ-ийн албан хаагчдыг “чангалж” байсан түүхтэй.
Тэрбээр ШШҮХ-ийн захирлаар ажиллаж байхдаа ах, дүү хамаатан саднаараа мөнгө идэж болох ажлуудыг хийсэн гэх яриа байдаг. Ганцхан жил ШШҮХ-ийн захирлаар ажилласан тэрбээр саяхан тэтгэвэртээ гарсан.
Түүний ажлыг өөрөөс нь “хөгшин” доктор, профессор цагдаагийн хурандаа Б.Болдбаатар гэх цагдаагийн угшилтай нэгэн авсан байна. ШШҮХ-ийн шинэхэн захирал ажлаа аваад удаагүй ч тэтгэвэрт гарах хуулийн хугацаа нь 2022 он гараад болох юм. Өөрөөр хэлбэл ганцхан сарын настай захирлын суудалд Б.Болдбаатар хурандааг томилсон байгаа юм.
Эрүүгийн цагдаагийн угшилтай хэмээн өөрийгөө магтдаг Б.Болдбаатар хурандаа ШШҮХ-ийн ажилчид өөрийг нь таньсангүй хэмээн бухимдаж сүрийг үзүүлсэн. Ингэхдээ, жижүүрт гарсан албан хаагчийн өөрийг нь тосож авсангүй, машины хаалгыг онгойлгож өгсөнгүй хэмээн улираан ажилуулсан гэх мэдээлэл бий. Мөн шинжлэх ухаанч байгууллагыг цагдаагийн хатуу “хүмүүжлээр” удирдах гэж муйхарлан зүтгэж, цөөнгүй алба хаагчийг дарамталж, сүрдүүлсэн гэх мэдээлэл байна.
Сахил хүртээд шал дордов гэгчээр ШШҮХ-ийн ажлыг “ойлгодоггүй” нөхрийг тэтгэвэрт нь гаргаад түүнээс хөгшин цагдаагийн хурандааг томилж байгаа нь өөрөө ШШҮХ-г сүйрүүлж байгаа хэрэг юм. Цагдаа нь цагдаагаараа, шинжлэх ухаанч байгууллага нь шинжлэх ухаанчаараа үлдмээр байна.
Адилхан ХЗДХЯ-ны харъяа агентлаг хэрнээ ШШҮХ яахаараа ЦЕГ-ын харъяа агентлаг шиг хөгшин хурандаагаар удирдуулах ёстой юм бэ? Хууль зүй дотоод хэргийн сайдаа?
Гэмт хэргийн чухал нотлох баримтыг мэргэжлийн, хараат бус, шинжлэх ухаанчаар гаргадаг байгууллага цагдаагийн хурандаа нарын тэтгэвэрт гарахдаа очдог дамжин өнгөрүүлэх баймааргүйсэн.
ШШҮХ-ийн захирал Б.Болдбаатар тус агентлагийн дарга болсноосоо хойш хэрхэн “самарч” ажилчдын зэвүү дургүйг хүргэж байгааг болон түүний намтар түүхийг бид дараагийн цувралаараа хүргэх болно.