Э.Бат-Үүлийг  Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглсан хэмээн хоёр асуудлаар 1702000000024 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан,  шүүхээс гэм буруутай гэж үзэн ял сонссон билээ. Улмаар Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1.3 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, Нийслэлийн ЗДТГ-т олгохоор шийдвэрлэсэн.  Ялтан Э.Бат-Үүлийг гэм буруугүй, давж заалдах болно хэмээн төрсөн хүү нь мэдэгдэж байсан юм. Тэгвэл аав хүү хоёр ямар хэргээр ял сонссон, тэдний үйлдсэн гэмт хэргийг дэлгэрэнгүй байдплаар хүргэж байна.

Э.Бат-Үүлийн үйлдсэн гэмт хэрэг

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон өөрийн хүү Б.Чулуудай нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байгаа юм. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсгийг зөрчиж 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уг түншлэлийг бус өөрийн хүү Б.Чулуудайн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга бариагүй байхад 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулж, улмаар гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, мөн

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг байгуулан нийслэлийн төсөвт 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Мөн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулгатай бүлэглэн түүнд нөлөөлсөнөөр “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хөгжлийн банк” болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 35,500,000 ам.долларын зээлээс гэрээний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зээлийн зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж

мөн Монгол Улсын Ерөнхий сайд болон “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 4.7-д “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэж заасан хууль болон гэрээгээр заасан эрх, үүргээ зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын “Голомт” банк дахь 2205048203 дугаарын данснаас “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн тус компанийн “Голомт” банк дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг, нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлж, улмаар

“Бэрэн групп” ХХК-иас өөрийн төрсөн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн “Төрийн” банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг, нийт 5,500,000,000 төгрөгийг шилжүүлэн авч “ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Түүний энэ үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Б.Чулуудайн үйлдсэн гэмт хэрэг 

Б.Чулуудайд “Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн эцэг болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг түншлэлийг бус өөрийн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг дээрх төсөл хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар батламжлуулсан.

“Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга барилгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг зөрчиж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01-2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ 33/2014 дугаартай 980,000,000 төгрөгиин үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулаптын газартай байгуулан Нийслэлийн төсөвт онц их хэмжээний хохирол буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Б.Чулуудайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Аав хүү хоёрт оноосон ял

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүхээс шүүх хуралдааныг товлон зарлахад талуудын хүсэлтээр /хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас/ 18 удаа шүүх хуралдаан хойшилсон.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд
Прокуророос шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оноосон.

Түүний хүү  Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял оноосон юм.

Уг ялаас гадна Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргаж өгүүлэхээр болсон юм.

А.Баярмаа