Жагсаал цуглаан хийх журмын болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зөрчин эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улмаар хууль сахиулагчийн биед халдсан гэх хэрэгт холбогдсон Д.Монголхүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Уг нь тус шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 03-нд өдөр түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд “Д.Монголхүүг 2021 оны есдүгээр сарын 30-нд баривчлах саатуулах явцдаа биед нь халдсан гэх асуудалд МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх боловч нотлох баримт хэрэгт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Монголхүү нь өнгөрөгч оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байранд хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сүхбаатарын талбайд хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан юм.


НПГ-ынхан анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн байна. Үүний дагуу Д.Монголхүүд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд “Цагдаагийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас Д.Монголхүү хохирсон гэх хэргийг нэгтгэн шалгах үндэслэлгүй, мөн түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон” гэж дүгнэсэн аж. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорын хяналтад буцаах захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Монголхүүг шүүхэд шилжүүлэх шатнаас хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг энэ сард багтаан хэлэлцэж, гэм буруутай, эсэхийг нь тогтоох юм.