Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Чинбат, Гандалай, Батцэнгэл  нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна.

Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэм буруугүй этгээдэд хэрэг тохсон СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа нарыг Эрүүгийн хуульд заасны дагуу  нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүү шүүлт тулгасан хэргээр АТГ-т шалгаж хэргийг прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлээд байсан нь юм.

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар эрүүдэн шүүсэн болон хэрэг тохсон нь нотлогдсон бөгөөд энэ хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа юм. Тэднийг гэм буруутай гэж шүүхээс үзвэл ажлаас нь чөлөөлөх ажээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нарт Эрүүгийн хуулийн 21.1.2 болон 21.12.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Эрүүгийн хуулийн

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах

1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

Шүүхээс цагдаагийн алба хаагчдыг гэм буруутай гэж үзэх юм бол дээрх хуулийн заалтаар ял оноох юм.

Шүүх хурал өчигдөр /2022-01-04/ эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа