Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш шалгагдсан билээ.  Тодруулбал,  Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгахаас өмнө ХХЕГ-ын Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм. Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгасан.

Уг хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй сунжирсаар байгаа.  Тэдэнд холбогдох хэргийг анх 2017 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хурандаа нар, тэдний өмгөөлөгч, хэргийн бусад холбогдогч давж заалдах болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Мөрдөн байцаалтад буцаж “чаддаг” уг хэргийн шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал 2022.02.11-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар хуралдахаар боллоо. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг учраас улсын нууцад хамааруулж, хаалттай хэлэлцэж байгаа аж.

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын экс дарга нарын хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа