УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий  өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.

Гэвч Д.Сүндий энэ бүхнийг худал мэдээлэл хэмээн тухайн үед мэдэгдсэн бөгөөд Д.Сүндийд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон түүхтэй. Харин хэргийг хаахдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав нотлох браимт устгасан, Д.Сүндийгээс хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Д.Сүндий хэргийг нь мөрдөн шалгаж байсан цагдаа нарт өөрийн ажилтан болох Д.Баттөгсөөр дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд 10 сая төгрөг, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавд хахууль өгсөн нь тогтоогдож анхан шатны шүүхээс гурван жилий ял авч, өдгөө шоронд хоригдож байгаа билээ. Тодруулбал,

  • Д.Сүндийг эхнэрээ зодсон, хахууль өгсөн гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • Д.Сүндийгийн ажилтан, хахуулийг зуучилсан Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон билээ.

Тэгвэл шүүхээс ял сонссон этгээдүүд давж заалдах шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ялтан Д.Сүндий болон хахууль авсан цагдаагийн алба хаагч нарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 11:00 цагт эхэлсэн шүүх хурал гурван цаг үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Улмаар  ялтан  Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт оногдуулсан хорих ялд өөрчлөлт оруулав. Ингэхдээ хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан юм.

Тодруулбал, Д.Сүндийд оношдуулсан гурван жилийн ялыг зургаан сар болгон өөрчилсөн байна. 

А.Баярмаа