“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал эрхэлж байсан Д.Мөнхбат болон мөн дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий алба хашсан Д.Баасанжав нарын мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэхээр товлосон боловч энэ сарын 20 хүртэл хойшлууллаа.

Ийнхүү хойшлуулах гол шалтгаан нь хохирогч БНСУ-ын иргэний хууль ёсны төлөөлөгч, тус улсын иргэн, өдгөө дээрх компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Ким Ан Күүкийг олж шүүх хуралд биечлэн оролцуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэнтэй холбоотой юм байна.
Д.Мөнхбат эмч “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон билээ.

Уг хэрэгт эмч Д.Баасанжавыг хамтран оролцсон гэж буруутгасан агаад шалгалтын явцад завшсан тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэсэн нь тогтоогдсон гэдэг. Улмаар уг тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасан хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний энэ үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон гэх мэдээлэл ч бий.