Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тайлбар мэдүүлэг авч байгаа, одоогоор цагдан хориогүй гэнэ. Тэднийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгө байршуулж байсан банкнаас татгалзан, “Капитрон”-д байршуулж, давуу байдал олгосныхоо хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендерт танил талынхаа аж ахуйн нэгжийг шалгаруулдаг зэрэг гомдлын дагуу АТГ-ынхан шалгаж эхэлсэн аж. Дээрх хоёр албан тушаалтан нь 2020 оны сонгуулийн дараа, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр томилогдсон гэнэ. Тус дүүрэгт Ж.Ганбаатар эзэн сууж, ойр дотно хүмүүсээ томилж байгаа хэмээн хэвлэлүүдэд бичиж буй.

Түүний дэмжлэгээр албан тушаалд томилогдсон гэх хүмүүс нь эрүүгийн элдэв хэрэгт холбогдсоор байна. Дээрх хоёр хүнийг АТГ-т шалгаж эхэлсэн бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдож, хурандаа цол “ногоон гэрлээр” авсан Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нар нийлж бусдын хоёр тэрбум гаруй төгрөгийг залилан мэхэлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэхээр хянаж буй билээ.

Гэвч шүүгдэгч, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нар элдэв шалтгаар шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулсаар байгаа юм.