Монголд нэг сэдэв нэг л өдрийн “настай”. Дараа өдөр өөр нэг асуудал ярина, зарим нь санаатайгаар өмнөх сенсаацыг дарах гэж өөр нэг сэдэв гаргана. Нэг асуудлыг нөгөө асуудлаар дарах маягтай.

Улстөрчид асуудал намжлаа, иргэд шүүмжлэхээ болилоо гэж боддог байх. Гэхдээ иргэд хэрсүү, тэд улстөрчид шиг загасны ой санамжгүй юм.

Сар хүрэхгүй хугацааны өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус хурлын үеэр тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын хэлсэн үг иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Түүний хэлсэн үг нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад тэгсхийгээд намжсан. Гэхдээ иргэд түүний хэлсэн үгийг мартахгүй, бодит амьдралд байх боломжгүй үг хэлсэнд бухимдалтай байна.

Эрх баригч намын залуучуудын байгууллагын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх шаардлага тавигдаад байна” хэмээсэн юм.
Хамгийн сүүлд буюу 2021 оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгчээ. Уг тоог буцаан олголт авсан иргэнд нь шууд хувааж үзвэл нэг иргэн 55800 төгрөг авах юм. Харин УИХ гишүүн Н.Учралын хэлсэнчлэн эдгээр иргэн нь НӨАТ-ын буцаан олголт 60 хүрэхгүй мянган төгрөгөөр амьдарч бас хүлээдэг аж.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл хийхдээ НӨАТ-ын сугалааг явуулахаа болисноо зарласан.

Түүний хэлж буйгаар, сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг онцолж байв. Иргэд үнэндээ худалдан авсан бараа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн НӨАТ төлчихөөд, буцааж хоёрхон хувийг авна гэдэг шударга бус явдал.

Өөрөөр хэлбэл, иргэд нэг улиралд буцаан олголтоор сая төгрөг авахын тулд 40-50 сая төгрөгийн худалдан авалт хийж, сардаа 100-200 мянган төгрөг авна. Энэ мөнгөөр “нисээд” хоёр долоо хоног буюу сар хүрэхгүй хугацаанд амьдарч чадна. Өргөн хэрэглээний бараа Монголд ямар үнэтэй байгаа билээ. Дээдүүд бол худалдан авалт өндөртэй хүмүүс учраас НӨАТ-ын буцаан олголтоор амьдарчихдаг байх. Харин энгийн иргэд бол чадахгүй.

Иргэн хүний үүднээс нэгэн тооцооллыг хийе. Дундаж цалин 1.3 сая төгрөг. Гэхдээ уг цалинг бүтэн авч буй хүний тоо цөөн. Гар дээр сая орчим төгрөг авна. Түүнээсээ багадаа 300 мянгыг ипотекийн зээл юм уу, байрны түрээст төлнө. Энэ нь НӨАТ өгөхгүй. Үлдсэн 700 мянгад худалдан авалт бусад зүйлсдээ зарцууллаа гэхэд иргэн НӨАТ-ын буцаан олголт 14 мянган төгрөг гар дээр авна, нэг кг махны үнэд ч хүрэхгүй. Өнөөдөр нэг кг үхрийн мах 16067 төгрөг байгааг Нийслэлийн статистикийн газар мэдээлж буй. Тэгвэл иргэд хоёрхон хувийн буцаан олголтоор амьдрах боломж бий юу хэмээн дахин асууя?


Үнэн хэрэгтээ, иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмүүлэхийг л дэмжиж байна.