Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй холбогдуулан сэрэмжүүлэг хүргэжээ.
Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Гэвч “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их байгаа аж. Ихэнх бэлэгт, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн бэлгэнд дунджаар 412 гр сахар агуулагдаж буй тул бэлэг сонгохдоо сахарын агууламж багатай бэлэг худалдан авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.

Мөн худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.