ДОЗ энтертайментийг үүсгэн байгуулагч гэдгээр залууст танигдсан СТА Ш.Доржсүрэн буюу Дооёо “ясны” уран бүтээлч. Олон жилийн турш тайзнаас хөндийрч дэлгэцийн бүтээлд тоглож явсан тэрбээр “Гэм зэм” жүжгийн Лужины дүрээр тайзнаа эргэн ирсэн нь өнгөрсөн өвлийн явдал. Харин өдгөө жүжигчин Дооёо “Тамгагүй төр” жүжгийн том хүү Ачирын дүрээр өөрийгөө дахин тамгалав. Тэрбээр хүүгийн дүрд хөгшдөх ч 24 жилийн өмнөх тэр мэдрэмжийг үзэгчдэдээ дахин бэлэглэж, төрмөл жүжигчин гэдгээ батлах нь тэр. Тэрбээр жүжигчин хүн дүрдээ хэрхэн орж, шандсаа шавхаж тоглодгийг үзэгчдэд мэдрүүлж, гайхашруулж байсныг онцлох хэрэгтэй. Үеийн уран бүтээлчдийн дийлэнх нь хэдийнээ “Монгол улсын гавьяат жүжигчин” цолыг хүртсэн бол авьяасаараа гайхагдаж яваа Ш.Доржсүрэн өнөөг хүртэл СТА цолтойгоо яваа билээ. Түмэндээ хүндлэгдсэн түүнийг Төр хэзээ үнэлэхийг таашгүй.