Хүн төрөлхтөн бид үүссэн цагаасаа “Домгийн сэтгэлгээний, шашны сургаалын, шинжлэх ухааны ноёрхлын” гэсэн 3 томоохон үеийг дамжин тэдгээрийн дагуу байгаль дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар иржээ.Гэвч харамсалтай нь монголчууд бид дээрх 3 үеийн алинд нь ч хамааралгүй “мухар сүсэг” гэх аалзны торонд торлогдчихож.
Тэгэхээр юун түрүүнд мухар сүсэг гэх ойлголтыг авч үзье. Мухар сүсэг гэдэг бол алив зүйлийн учир шалтгааныг ойлгож мэдэлгүйгээр сохроор даган дуурайх явдал юм. Нэг үгээр бол мэдлэг, боловсролгүйн үр дүн. Үнэн зөв мэдлэггүй, өөрийн гэсэн үнэт зүйл, бодолгүй байна гэдэг хэчнээн харамсалтай.
Монголчуудын мухар сүсгийн хэд хэдэн бодит жишээг авч үзье.
• Хуримтай таарвал муу, оршуулгатай таарвал сайн
• Амны бэлгэгүй юм яривал юм /ихэвчлэн мод/ тогших
• Час өдөр болон хоёр дахь өдөр юм гаргахгүй, замд гарахгүй байх
• Толь хагарвал муу, аяга хагарвал сайн
• Хар мууртай таарвал азгүйтэл дагах
• Хэн нэгний хөл дээр гишгэсэн бол заавал гар барих /гар барихгүй бол өстөн болно, муудалцана гэж үзэх учир/
• Үхсэн мал, амьтны хажуугаар өнгөрөхдөө “Түй” гэж нулимаад, “Би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай” гэж хэлэх
• Үдэш орой болсон хойно хумсаа авахгүй байх, дөрөв дэх өдөр хумсаа авбал баяжих
• Элдэв муу юмнаас өөрийгөө хамгаалах гэж үсээ зангидахгэх мэтээр үргэлжилнэ.
Тэгээд болоогүй ээ. Дийлэнх нь зурхайгаар амьдралаа шийддэг болж. Дашням, Балжинням давхацсан сайн өдөр хэмээх тухайн өдөр хурим найрын хөл тасрахгүй байгаа нь үүний гэрч.
Үүнээс болоод төрөл садны олон хүний хурим найр нэг өдөр давхцаж хааш очихоо мэдэхгүй самгардах энүүхэнд. Үс засуулахдаа хүртэл сайн өдөр, муу өдөр гэж ялгана. Яг үнэндээ сайн, муу өдөр гэж юуг ч хэлээд байгаа юм.
Түүнчлэн “Зуд болоход нохой зоолно, зовлон болоход лам баяжна” гэдэгчлэн сүүлийн жилүүдэд лам, бөө, удган, үзмэрч нэртэнгүүд хэт олширсон. Зарим нь эзэн Чингисийн нэрийг барьж, зарим нь түрийвчээ даллаад л баяжчихна хэмээн айлдаж энэ ард олныг бүр мунхруулж дууслаа.
Мөн мэдээ мэдээлэл авах, солилцох томоохон хэрэгсэл болох цахим орчинд ч бас мухар сүсэг хүчтэй тархаж байна. Могойн чуулган, бурхан, мөнгөний зураг хийгээд “Бурзай бурзай бурзай” гэх юм уу “Та цааш өөртөө шэйрлэж аваарай, лайк дараарай. Тэгвэл та тэд хоногийн дотор баяжна” гэх.

Эсвэл бүр “Энэ чулуунаас эмтэлж аваад түрийвчиндээ хийвэл баяжина” гэх мэтээр “Ембүү хад”-ны зургийг шэйр хийх жишээний. Хамгийн харамсалтай нь уг заавруудыг ёсчилон хийгээд байгаа нөхдүүд тун эмгэнэлтэй. Тэднийг хатуугаар бол оюуны хоосролд орсон, тархины тураалд өртсөн гэхээс өөрөөр юу гэх вэ? Эдгээрийг постлогч этгээд зүгээр л таны мухар сүсэг, итгэл бишрэл дээр тоглолт хийж тэр авах гэж улайраад байгаа лайк, дагагчийнхаа тоог ихэсгэж байна. Нэг үгээр бол таны сул талыг ашиглаж байна шүү дээ. Үнэхээр л тэдний хэлснээр зураг шэйрлэж, лайк дараад баяжчихдаг, жаргачихдаг бол ажил хийгээд ер нь юу хийнэ.
Эцэст нь хэлэхэд, хөдөлмөрлөж баяждаг болохоос хад чулуу эмтэлж баяждаггүй