Манай Улсад мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-аас хэтрүүлэхийг хориглохоор заасан.


Та бүхэнд “Орон нутаг”-ийн замд жолооч нар яагаад хурд хэтрүүлдэг, дундаж хурдны талаарх мэдлэг мэдээлэл ямар байдаг талаар энгийн жишээ хэлж өгье.
Бид дундаж хурдны талаарх энэхүү туршилтыг 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Багануур явж буй тоёота Приүс-30 маркийн 11 тээврийн хэрэгсэлд хийсэн юм.

Улаанбаатар хотоос Багануур, Хэнтий, Сүхбаатар аймаг руу явж байгаа “Тоёота Приүс-30” маркийн автомашинуудын “trip” товчийг дарж хурдны хэмжүүрийг “Тэг” болгож явуулсан юм.

Туршилтад орсон жолооч нар цагт 80-88 км хурдтайгаар 80-90км яваад бидэн лүү хурд хэмжүүрийнхээ мэдээллийг хянах салбарын зургийг явуулсан боловч ихэнх жолооч нар дунджаар 60-65 км/ц хурдтайгаар замаа туулсан байсан. Энэ нь бидний машин 80 км/ц цагийн хурдтай явж байгаа ч бодит байдал дээр замын эвдрэл, эргэлт тойруу, замд тохиолдох бусад олон хүчин зүйлсээс хамаарч цэгээс цэг хүртэлх зайг цагт дунджаар 60-65 км явдгийг нотолж байсан юм.

Ихэнх жолооч нар цагт 60км газар явдаг гэдгээ мэдэхгүй цагт 80 км газрыг туулна гэж орон нутгийн замд хурдаа сонгож цагаа төлөвлөж гардаг.

Жишээ нь: Жолооч Г.Баатар өглөөний 10 цагт Говьсүмбэр аймагт маш чухал уулзалттай тул Улаанбаатар хотоос Говьсүмбэр хүртэлх 200 км замыг дүрэмд зааснаар 80 км/ц хурдтай явах юм бол 2 цаг 30 минут явж очно хэмээн өглөө 7 цаг 30 минутад замдаа гарна гэж тооцоолсон байна.

Харин бодит байдал дээр тогтмол 80км/ц хурдтай явахад 1 цагт 60км газрыг туулж 2 цаг явсны дараа буюу өглөөний 9 цаг 30 минутын үед нийт туулах замынхаа 120 км замыг туулсан байна. Жолооч Г.Баатарт дахин 80 км газар үлдсэн байна.
Ингээд жолооч Г.Баатар цагтаа амжиж очихын тулд 30 минутын дотор 80км газрыг туулах болж цагтаа амжихын тулд хурд хэтрүүлж өөрт аюултай нөхцөлийг үүсгэнэ.

Дээрх туршилт, бодит байдлаас үзэхэд жолооч нар замын нөхцөл, амрах, бие засах, зорчигчдын биеийн байдал, техникийн байдал гээд олон хүчин зүйлийг тооцохгүйгээр шууд давхиад очно гэдгээр цагаа төлөвлөж💭, цагтаа амжихгүйгээс шалтгаалан замын талаас хойш хэсэгт хурд хэтрүүлж эхэлдэг тул жолооч та бүхэн цагийг зөв тооцоолж замд гарвал хурдыг хэтрүүлэх шаардлагагүй юм.

ХУРД ХЭТРҮҮЛСЭН ХОРОМ БҮРТ ТАНЫГ АЮУЛ ХҮЛЭЭЖ БАЙДАГ

 

Хурд хэтрүүлснээр жолооч цаг хэмнэж болох ч
Амь нас, эрүүл мэндээ алдаж болох юм.
Замд гарах цагаа зөв тооцоолж суръя.