Монголын Реп техно хөгжмийн амьд домог гэгддэг “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахыг танихгүй хүн ховор. Тэрээр Монголын бахархал болсон Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн ач хүү билээ.

Гурван үеийн бүжгийн удамтай хүн юм. Түүний аав нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар билээ. Түүнийг манай сайт папараци буландаа онцолж байна.
Тэрбээр хүүхэд бүрийн амрах дуртай “Найрамдал” зусланд амарч байхдаа “Хар сарнай” хамтлагийн гишүүдтэйгээ 1991 онд танилцаж хамтлаг байгуулагдах эхлэлээ тавьж 1992 онд “Хар сарнай”-г үүсгэн байгуулжээ.
Урлагт нэгэнт дурлачихсан, урлагийн гэр бүлд өссөн тэд бүжиг, дуу хосолсон хамтлаг байгуулах талаар ярилцаж эхэлжээ. Ингээд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Цаг хугацаа, амьдралын эрхээр хоёулхнаа үлдсэн гэдэг. “Хар сарнай” хамтлагийн анхны дуу нь “Тийм биз дээ” юм.
Тэдний хит болсон дууны нэг нь “Аз жаргал хүсье” билээ. Энэ дууны үг, аяыг хамтлагийн гишүүд С.Амармандах, Б.Маадай нар хамтран зохиосон гэдэг.
2011 онд дуучин С.Амармандах “Би монгол хүн” цомгийн баяраа хийж байжээ. Цомгийн баярын үеэр өвөөгийнхөө дэглэсэн “Жалам хар” бүжгийг аав, дүү хоёрынхоо хамт бүжиглэсэн нь олон хүн бахархал төрүүлэм байв. Тэрээр 2011 онд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нартай хамтран “Монголын нууц товчоо” хэмээх дууг дуулж, олныг байлдан дагуулж байв.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах 2020 онд гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусийн халдвар, тархалтаас сэргийлэх ажилд туслалцаа үзүүлж, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл, шаардлагатай эм, тариа авахад зориулж 30 сая төгрөг хандивлаж байсныг уншигч та мартаагүй биз ээ.