Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд боллоо. Үүнтэй холбогдуулан БШУЯ, БҮТ-өөс ЭЕШ-ын үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БҮТ-ийн дарга Д.Ганбат: Шалгалтын материалыг дор бүр нь шалгуулагчдад үзүүлж дүнг нь танилцуулсан. Өнөөдрөөс эхлээд шалгуулагчид өөрсдийн вэбээс батламж хуудсаа хэвлэн авах боломжтой. Энэ удаагийн шалгалтад нийт шалгуулагчийн 8 хувь нь шалгалтдаа ирээгүй, 92 хувь нь шалгалтдаа орсон байна. Тэдгээр шалгуулагчийн дүнг өнгөрсөн жилийн ерөнхий дүгнэлттэй харьцуулбал 2021 онд 501.13 дундажтай байсан бол 2022 онд 501.09 болж буурчээ. Мөн энэ жил 800 оноо авсан хүүхдүүдийн тоо сүүлийн дөрвөн жилийн дунджаас дээгүүр байна.

Тодруулбал,

2019 онд 109 шалгуулагч 800 оноо,

2020 онд 182 шалгуулагч 800 оноо,

2021 онд 209 шалгуулагч 800 оноо,

2022 онд 208 шалгуулагч 800 оноо авсан

байна. Мөн орос хэлний хичээлд 67 шалгуулагч энэ жил 800 оноо авсан бол математикийн хичээлд 31 шалгуулагч 800 оноо авсан байна. Үүнээс 10 шалгуулагч нь бүтэн 100 оноогоо авлаа.

Их дээд сургуулийн босго оноо буюу 480-аас бага оноо авсан 7333 хүүхэд байна. Тэд их сургуулийн босго оноонд тэнцэхгүй. Харин дээд сургууль, коллежид элсэх боломжтой. Мөн 1355 шалгуулагч 400-гаас доош оноо авч, бүх түвшний их, дээд сургууль коллежид элсэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн, монгол хэл, бичгийн шалгалтад 1180 шалгуулагч босго оноо даваагүй. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа орсон. Эдгээр хүүхдүүдэд боломж олгоод наймдугаар сард дахин монгол хэл, бичгийн шалгалт авахаар боллоо. Хэрэв үнэлгээ нь ахисан байвал их сургуульд орох эрхийг нь нээнэ. Олон улсын шалгалтын дүнг монгол хэлний дүн оноотой уялдуулах ажил энэ жил хийснээрээ онцлог жил байлаа. Нийт 591 шалгуулагч олон улсын дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт өгсөн.
2022 оны ЭЕШ-ын үеэр шалгалтын журам зөрчсөн үйлдэл өмнөх жилүүдийн адил гарсан. Математикийн шалгалтын материалыг цахимд байршуулсан зөрчил гарлаа. Мөн өөрийнхөө оронд өөр шалгуулагч оруулж, гар утас, тооны машин зэрэг хориглосон зүйлсийг шалгуулах танхимд авч орсон. Гар утас авч орсон бол тухайн хичээлийнх нь дүнг хүчингүй болгоно. Харин өөрийнхөө оронд өөр хүн оруулсан бол энэ жил өгсөн бүх шалгалтын дүнг нь хүчингүй болгож байгаа. Шалгалтын байранд утсаа авч ороод материалыг цахимд байршуулсан нь шалгалтын материал задарсан мэтээр ойлгуулдаг хор хөнөөлтэй. Өнгөрсөн жилүүдэд нэг ч удаа материал задарч байгаагүй. Энэ жил ч мөн задраагүй” гэлээ.