Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд олон нийтийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцуулах, болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэхийг зөвлөж байгаа.

Аянтай холбоотойгоор ТЦА ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн зохицуулагч Ахлах дэслэгч Б.Баярбатын бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсч, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уг бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн  хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Орон нутагт бүртгэгдсэн нийт 1333 зам тээврийн ослын 1306 буюу 98.0 хувийг жолоочийн буруутай үйлдлээс, 6 буюу 0.5 хувийг замын нөхцөлөөс, 21 буюу 1,5 хувийг явган болон унадаг дугуйтай хүний буруутай үйлдлээс шалтгаалсан осол эзэлж байгаа бөгөөд жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын дийлэнх хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон /239/, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох /237/, зөвшөөрөгдөх дээд хурд хэтрүүлэх /94/, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх /42/, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг буруу тээвэрлэх, харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлаа биеэр шалгадаггүй зэргээс шалтгаалсан ослууд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн орон нутаг руу зорчиж байгаа иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй, тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх, мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаануудаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна.

Иймд иргэд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх, батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалах шаардлагатай байна.

Мөн бага насны хүүхдийн зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх, зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийн нэн даруй чөлөөлөх, нойрмог, ядарсан үедээ автомашин жолоодохгүй байх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа УРИАЛЖ, АНХААРУУЛЖ байна.

ТЦА ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс