Ерөнхийлөгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өмнөх бүх Ерөнхийлөгч нар Үндэсний их баяр наадмаар монгол үндэснийхээ уламжлалт хэв загвар бүхий дээл хувцасаар гангарч, ард олныхоо нүдийг хужирладаг байв.


Тухайлбал, ардчилсан Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гоёмсог шар торгон дээл,шовгор оройтой булган малгай өмсөж, Төрийн ёслолоо үйлддэг байв. Түүний дараа Төрийн тэргүүний суудлыг ор залгасан Ерөнхийлөгч Н.Багабанди гэхэд дөрвөн талт шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангарна. Өвлийн цагт бол түүний өмссөн хурган дотортой хүрэн чисчүү дээл,шовгор оройтой улаан гадартай булган малгай тун ч сайхан харагддаг сан.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч (одоо ч өөрөө энэ нэрээр дуудуулдаг) Н.Энхбаярын хувьд “урт шар дээлт” гэдгээрээ алдаршсан нэгэн.Гэхдээ тэр бол Ерөнхий сайд байхад нь Ерөнхийлөгч Н.Багабандийн өгсөн нэршил. Н.Багабанди Ерөнхийлөгч нэгэн удаагийн УИХ-ын чуулган дээр “Урт шар дээлтийн учруулах аюулаас болгоомжил” гэж намар цагийг дүрслэн хэлснийг тухайн үед Энхбаярыг хэллээ хэмээн өлгөж аван шуугисан удаатай. Үнэхээр Н.Энхбаярыг дайруулж хэлсэн эсэхийг хэн мэдлээ. Ямартай ч энэ дурсамжаас гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ч урт шар дээл өмсдөг байсныг анзаарч болно.Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгыг Н.Багабандиас авахдаа мөн л гоёмсог шар дээл өмссөн байгааг гэрэл зургаас харж болно.
Тамга өгч,авч байгаа хоёр Ерөнхийлөгч хоёулаа шовгор оройтой малгай, мөнгөн тоногтой бүстэй байна. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жил Төрийн тэргүүн байгаад буухдаа ч төрийн ёслол төгөлдөр хувцаснаасаа салаагүй байдаг бол тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан одтой, хар дээл, цэннхэр өнгийн цулгуй даавуун дээлүүдээр гоёж шляпан малгайг имиджээ болгож байв.
Ардчилсан төрийн тэргүүн нарынхаа дээл хувцасыг шинжиж, эргэн дурсаж суугаа нь учиртай. Учир нь өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид биш, одоогийн зургаа дахь Ерөнхийлөгчид байгаа юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ жилийн наадмаар өмссөн дээлнийхээ бүсийг буруу харуулан бүсэлж, малгайныхаа оройг хэт шовойлгон улаан өнгөөр тодотгосон нь “Төрийн хүний шинж” гэхээсээ илүү “Дэвжих төрийн ихэс дээдэс байж дээлнийхээ бүсний хээ хуарын буруу зөрүүг анзаардаггүй” гэх шүүмжлэл хүртэв.
Учир нь тэрбээр дээлнийхээ бүсийг буруу харуулан бүсэлж, уул, үүлэн хээ уруугаа харуулан олны өмнө гарч ирсэн нь олны дургүйцэл, зэвүүцлийг төрүүлээд буй. Төрийн тэргүүн дээл хувцасаа хэрхэн өмссөн гэдгээс эхлүүлээд, үг яриа, биеийн хэлэмжээр нь төр улсын цаашдын зам мөр, зураг төөргийг олон түмэн шинждэг жаягтай.
Магадгүй сайн санаат “дүр эсгэгч” туслахууд нь санаатай юм уу, санамсаргүй ийм алдаа гаргасан байх. Гэвч тэд монголчууд асар их бэлгэдэлт ард түмэн гэдгийг мартсан бололтой.Төрийн ёс,уламжлалт баяр наадмын үеэр ийм алдаа гаргасан нь ёсзүйгүй, жудаггүй, хариуцлаггүйг харуулж байна.
Тэд ард түмний дунд яригддаг “Мандах төрийн малгай, бүтэн төрийн бүс, дэвжих төрийн дээл” гэх хэлц үгийг мэддэггүй бололтой.
Дашрамд дуулгахад, монгол хүнд малгай, дээл, бүс, гутал нь маш чухал гэдгийг харуулсан явдал бол Анх ардчилсан төрийн Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгогдоход 1996 онд Төрийн ёслолын албанаас төрийн ёслолын хувцас хийлгэж өгч байсан түүхтэй. Уг ёслолын хувцас нь иж бүрнээрээ буюу мандах төрийн малгай, дэлгэрэх төрийн дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал тэргүүтэн байв. Ингээд бодохоор эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн өмсөх үндэсний уламжлалт хувцасныхаа деталь бүрд хариуцлагатай хандаж, анхаарах ёстой юм.