Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Хар үзүүр гэдэг газар өнгөрсөн Даваа гарагт 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин иргэний 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогджээ.

Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин иргэний 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг өнөөдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.