Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас “E-Mongolia” aппликейшн ашиглан хийх талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс google safari буюу интернэт хандалтаар бүртгэл эхэлсэн байна.
Таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдана. Түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжгүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй бол хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг албаныхан сануулж байна.

Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу БШУЯ-нд ажлын хэсэг хуралдсан бол нийслэлд дэд ажлын хэсэг байгуулах талаар хуралджээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 1-ний тооцооллоор 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байна. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд. Тэдний 22 мянгыг нь одоогоор цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн талаар салбар яамнаас мэдээлж буй. Энэ асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.