Энэ намрын хамгийн том, олон улсын зэрэглэл бүхий хөгжмийн шоу “ХMF” наадам 10-хан хоногийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус наадамд өдгөө залуусын дунд трэнд болсон монголын төдийгүй дэлхийд танигдсан уран бүтээлчид оролцох юм.

ХMF хөгжмийн наадмын сонирхолтой оролцогчдын нэг болох Saffron Bane –ийг энэ удаад бид танилцуулж байна. Тэрбээр хөл хорионы жилүүдэд анх гар утсаараа дуу хийж эхэлж байжээ.
Хэзээний даруухан, дөлгөөнхөн дүр төрхтэй гэгддэг байсан Saffron Bane өөрийн дотоод ертөнцөө дуугаараа илэрхийлж, “эвддэг” тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Түүний жинхэнэ нэрийг Бат-Эрдэнэ гэдэг. Тэрээр анх цаг нөхцөөх маягаар богино хэмжээний дуунуудыг хобби маягаар хийдэг байсан ч яваандаа хийж байгаа зүйлдээ улам дурласнаар 2020 онд “ERDENE” label-д артистаар орж карьерынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй нэгэн юм. Одоогоор түүний 30 гаран дуу интернэтээр хэдийн цацагдсан бөгөөд хүмүүсийн сайн мэддэгээс дурдвал Gantsaaraa, Фаакбооё, Buudger зэрэг дуунууд нь хамгийн өндөр хандалттай.
Тэрээр уран бүтээлээ голцуу ганцаарчилж хийдэг ба студи дээр хийснээс гэртээ хийсэн нь илүү үр бүтээлтэй, эрх чөлөөтэй гэж үздэг гэнэ лээ. Нэг төрлийн дуунаас амархан уйддаг учраас эрч хүчтэй үедээ үглэж, emotional үедээ дуулах илүү дуртай. Тиймдээ ч түүнд тогтсон урсгал гэж байдаггүй.