Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Гэвч түүндээ хүрэхийн тулд тууштай судалж, өөрийн нэрийн хуудсаа болгож буй хүн тун цөөн.
Заавал мэргэжлээ солихгүйгээр сонирхолдоо хөтлөгдөн мөрөөдөлдөө хүрч, ганган хээнцэр гутал бүтээж яваа эгэл жирийн сэтгүүлч бүсгүйг бид энэ удаад онцолж байна.
Сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажиллаж яваа П.Мөнхжаргал гэдэг энэ эмэгтэй айл гэрийн эзэнтэй болж, бяцхан үрийн ээж болсныхоо дараагаар өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу мөрөөдлөө бага багаар бүтээж эхэлжээ. Тэрбээр тасарцан баян биш ч TDY brand-ийг үүсгэн байгуулж, монгол дизайнерын загвар, монгол арьсаар дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай, тав тухтай, загварлаг гутлыг бүтээж, экспортлогч болохоор зорин ажиллаж байна. Түүний үйлдвэрлэсэн гутал япон технологиор үйлдвэрлэгддэг тул чанар, хийцийн хувьд ярих юм байхгүй.
Сэтгүүлзүйн салбараас гутлын экспортлогч болохоор зорьж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа хэрхэн бизнесээ босгож яваагаа онцолсныг бүрэн эхээр нь хүргэе.
“Монгол арьсаар ийм ганган гутал бүтээж, мөрөөдлөө биелүүлэв. Хэсэг эрчээ алдсан ч хийх хүсэл минь оооогт унтраагүй. Хүсвэл та нар минь дэмжээд өгөөрэй.
Энд оруулсан гуталны тухай бяцхан түүх хуваалцъя. Энэ бол дотор гаднагүй монгол арьсаар урласан гутал. Хүмүүс анх монгол арьс, монгол загвараар гутал хийлгэнэ гэхэд минь “дээс томдог үлгэр” гэж үгүйсгэж, няцааж байлаа. Үнэн байсааан. Хил гааль хааж, экспорт зогсчихсон байхад угаасаа надаас өөр хэний санаанд тийм “тэнэг санаа” төрөх билээ. Хятадын аж үйлдвэрийн гол төвүүдийн нэг Сичуаньд гэрээт үйлдвэртэй. Нөгөөх рүүгээ Монголын “Мон-Ирээдүй” ХХК-иас арьс аваад, нийлүүлэх амбицтай. Ингээд эхний ээлжинд хэдэн дээж аваад Тайваниар дамжуулаад явуулж үзэв. Бараг 2 сар шахам болж очсон. Тэгээд гутал болж эргэн наашлах гэтэл хил хааж, гацаж түгдэрч явсаар хэзээ ч билээ ирсэн нь энэ. Цаг үеийн эгзэгтэй нөхцөл байдал нөлөөлж, итгэл үнэмшлээ бага багаар алдсан. Учир нь ихэнх хүмүүс дэмжих нь бүү хэл зогсоо зайгүй няцаасаар байгаа. Одоо ч няцаасаар л байна. Гэхдээ Михайльд бодол бий гэдэг шиг зорьсон зүйлийнхээ ард гарах гэж үзнэ дээ. Тууштай байхад болдог юм гээз дээ!!!. Тэрийг нь л харъя кк. Яагаад яг тэнэг хүн шиг ингэж зүтгэх болсноо хуваалцахад,
Сүүлийн үед брэндүүд хурдан элэгдэж, хаягдал болдог #fastfashion-ээс татгалзаж, байгальд ээлтэй, бат бөх удаан эдэлгээтэй, дээр нь хүний биед хор хөнөөлгүй байдлыг эрхэмлэдэг болсон. Учир нь хэрэглэгчдийн сэтгэхүй, худалдан авалтын чиг хандлага ингэж өөрчлөгдөж буй юм. Тэгээд байгальд ээлтэй, бат бөх, амьсгалдаг гэдэг дээр монгол арьсаа судалж байгаад сонгочихсон. Экспортод хувь нэмэр оруулчих гээд л кк. Уг нь бол монгол арьс чулуу юм билээ. Миний авсан “Мон-Ирээдүй” ХХК-ийн арьс л гэхэд органик шинж чанараараа буюу ургамлын идээлгэтэй, илүү байгальд ээлтэй аргаар (Хаягдлаа ч хөрсөнд задрах чадвартай) үйлдвэрлэсэн байв. Энэ бол том брэндүүдийн хайгаад байгаа чанар. Гэм нь од болоход бэрхшээл болсон асуудал нь толбо ихтэй, зүсэгдсэн нүх гэхчлэн өөтэй байдал. Надад бол натурал энэ байдал нь таалагдсан. Харин олонхид энэ нь таалагдахгүй нь лавтай. Тиймдээ ч гүн боловсруулсан эцсийн шатны бүтээгдэхүүнээ бус түүхий болон хагас боловсруулсан арьсаа хямд үнээр экспортолдог юм билээ, манай ихэнх үйлдвэрүүд. Томордоггүйн шалтгаан нь ч энэ. Яахав, сар гарна аа Золбоо гэдэг Дарханд Италичуудын технологийн тусламжтай арьс ширний үйлдвэр баригдаж байгаа гэсэн. Тэр нь ашиглалтад орчихвол энэ салбарын байтугай Монголын үндэсний үйлдвэрлэл, брэнд бүтээгчдийн асуудал ерөнхийдөө шийдэгдэх юм билээ. Бүгд хүлээж буйгаа ч ярьж байсан. Би ч хүлээж байна. Гол нь тэр нь хэзээ ч юм ккк. Тэрийг л мэдэхгүй байгаа.Төр, засаг минь, төрийн сүлд минь.
Миний хувьд хөл булчин ядраадаггүй, ус чийг татаад байдаггүй, арьс нь нухаж холгоод, ухаж өвтгөдөггүй, маш тав тухтай, хөнгөн зөөлөн өмсгөлтэй, дээр нь хаягдал болдоггүй удаан эдэлгээтэй, загварлаг гутлын брэнд бүтээхийг хүссэн. Энэ бол миний гуталд тавьдаг шаардлага минь. Жижигхээн хөлтэй болоод ч тэр үү яг хүссэн гутлаа олж өмссөн түүх үнэхээр ховор. Тийм ч болохоор багаасаа ингэж, мөрөөдөж явсаар энэ бизнес рүү орчихсон.
Эцэст нь, гоё арьстай, гоё хийцтэй том брэндүүдийг хийдэг үйлдвэр олсон байгаа. Удаан ч гэсэн урагшлах гэж хичээж явна даа.
Энэ хүртэл уншсан эрхэм танд баярлалаа” гэжээ