Монголын кино урлагийг шинэ түвшинд хүргэж, баг хамт олны нэгдэл, авьяас чадварыг харуулж буй “Фантастик” продакшн маргааш /2022.09.09/ шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийнэ.
Чамин зохиолтой, часхийсэн уран бүтээлтэй тэд хоёр жилийн өмнөөс учиргүй сахал, үсээ ургуулж эхэлсэн нь үзэгчдэд “түүхэн кино хийх нь” хэмээн хүлээлтийг үүсгэж байсан. Харин тэд энэ удаад “Зура-2” буюу Цурам ажиллагаа уран сайхны киногоороо үзэгчдийн мэлмийг мялаах гэж байна.


Тэгвэл хэлсэн үг, хийх үйлдэлдээ эзэн болдог гэдгээ харуулдаг “Фантастик”-ийн авьяас, царайлаг, халуухан залуусийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон хүргэе

Ноён нуруутай Б.Батсайхан гайхалтай менежер


“Фантастик” продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батсайханыг Можух нэрээр нь урлагийнхан андахгүй. Гаднаас нь харахад хөнгөн хийсвэр дүр төрхтэй ч, өнөөдрийн дэлгэцийн уран бүтээлчдийн нүүрийг халхалж яваа Фантастик продакшны гол ноён нуруу. Түүний хувьд “Хэцүү анги”, “Сайн байна уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Есөн мянга ес”, “Зура-1” зэрэг кинонд тоглож жүжигчний уран чадвараа харуулсан. Харин өдгөө хөшигний цаана уран бүтээлээс гаднах бүх бичиг цаас, гэрээ хэлэлцээр зэрэг ажлыг гардан гүйцэтгэдэг гайхалтай менежер гэгддэг шүү.

Удам дамжсан ур, ухаанаа уран бүтээлдээ сийлж яваа Б.Тамир


Найруулагч Б.Тамирыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор. Түүний өвөө, аав, ээж, авга нагац гээд уран бүтээлтэй гэр бүлээрээ холбогддог, монголын урлагийн түүхийг бичилцэж яваа гавьяат хүмүүн олон. Тэр дундаасаа найруулагч Б.Тамир өөрийн байгалиас заяасан урлаг урлах ур ухааныг өөрийн уран бүтээлдээ харамгүй шингээдэг гэдгээрээ бусад найруулагч нараасаа онцгой. Найруулахын зэрэгцээ муугүй жүжигчин гэдгээ тэрбээр олон уран бүтээлд харуулж явсан. Түүний найруулах чадвар, урлах ухаантай эн дүйцэхүйц найруулагч одоогоор үеийн уран бүтээлчид дундаас нь тодорч гарч ирээгүй л байна.

Цас шиг цагаан сэтгэлтэй, эмо Э.Алдар “бүгдийг даадаг”


Аливаа уран бүтээлд найруулагч, жүжигчнээс гадна продюсер хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Кинотой холбоотой бүхий л санхүү, уран бүтээлчдийн ая тух, сэтгэл санаа, хоол хүнс гээд бүхнийг зохицуулдаг гэдгээрээ Э.Алдарыг тус продакшнд гүйцэх хүн ховор. Хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд гэр бүл зохиосон тэрбээр өдгөө 36 настай ч дотоод хүн нь яг л хүүхэд шиг гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Энэ утгаараа тэрбээр хамтлагийнхаа хамгийн эмо, хамгийн цас шиг цагаан цайлган сэтгэлтэй нэгэн гэсэн шүү.

Хэвлэлийнхнийг баздаг Б.Барслхагва


Фантастик продакшныхнаас хэвлэлд хамгийн нээлттэй хүн бол Б.Барслхагва. Багаасаа МҮОНРТ-ийн Цоглог студид суралцаж, ирээдүйнхээ мэргэжлийг олсон тэрбээр оюутан байхаасаа С1 телевизийн нүүр царай болж явсан, царайлаг залуу. Өөрийн гэсэн характер, харизмтай тэрбээр “Зүрхний хилэн” киноны Манж амбангийн дүрээр үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн. Мэргэжлийн уран чадвартай гэдгээ тоглосон дүр бүрдээ харуулдаг тэрбээр Фантастикийнхаа хэвлэлтэй холбоотой “бүх асуудлыг даадаг”.

Тоглосон дүрээрээ харимзмаа харуулдаг даруухан жүжигчин Б.Ганчулуун


“Фантастик”-ийн даруухан хэрнээ дотортой, харизм сайтай жүжигчдийн нэг Б.Ганчулуун маргааш нээлтээ хийх Зура-2 Цурам ажиллагаа кинонд тоглосон гэнэ лээ. Түүний хувьд тэр бүр олны өмнө ил гарсан дүр аваад байхыг хүсдэггүй, хамтлагийнхаа арын ажлыг хамгийн сайн хийдэг гэдгээрээ алдартай.
Б.Ганчулуун мэргэжлийн ур чадвараа одоогоос гурван жилийн өмнө продакшныхаа арван жилийн ойд зориулж бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны бага эрэгтэй дүү Болдын дүрээр харуулсан билээ. Ямартаа ч, гэнэн, хөгжилтэй дүр болох Болдыг дэлгэцэнд амьдруулсан Б.Ганчулуун ямар үүрэг рольтой энэ удаад үзэгчидтэйгээ уулзахыг харах л үлдлээ.

Эерэг дүрийн эзэн “халуухан” М.Баярбат


Фантастик продакшний “харчууд”-аас хамгийн олон фэн охид, бүсгүйчүүдтэй залуу бол М.Баярбат. Түүнийг шүтдэг охид нь “Монголын акуамэн” хэмээн тодотгосон удаатай. Тоглосон дүр нь ихэвчлэн эерэг, сэтгэл татам залуугийнх байдаг болоод ч тэр үү фэн олонтой. Харц нь зөөлөн, яриа нь даруухан М.Баярбат оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн “Boomtown” хамтлагийн гишүүн байсан. Тэрбээр “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлд гол дүр бүтээсэн билээ. Түүний гол дүрд тоглосон “37-р точка” кино Монголын кино урлагт тэсрэлт хийж, тэр хэрээр Ялалтын дүрд дурласан бүсгүйчүүд олон. Тэр бол халуухан бас сэтгэл татам залуу…

Онцгой дүрийн эзэн  Ж.Алтаншагай


Дэлгэцийн кино урлагт “орчин цагийн Дамчаа гуай” гэх тодотголыг үзэгчдээсээ хүртсэн хүн бол “Фантастикийн Шагай”. Оюутан ахуйгаасаа гэр бүл зохиож, хамтлагийнхаа хамгийн олон хүүхэдтэй “Алдарт эцэг” тодотголтой болсон тэрбээр уран бүтээл бүрийнхээ онцгой дүрийг илүүтэй гаргадаг. Түүний тоглосон дүрийг ажвал, ихэвчлэн эсрэг буюу дотроо “үнэнд шатаж яваа” гаднаа “СӨРӨГ” харагдах дүр. Үзэгчдэд төрүүлдэг энэ мэдрэмж ч түүнийг “орчин цагийн Дамчаа гуай” гэх тодотголын эзэн болгосныг үгүйсгэхгүй.

Романтик” Э.Одбаяр хамтлагийнхнаасаа хамгийн баян нь


“Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж “МАШ НУУЦ” кинонд дүр бүтээж,”Фантастик” продакшны найман гишүүний нэг болсон жүжигчин Э.Одбаярыг өдгөө танихгүй хүн ховор. “Чөтгөрийн бага адтай” гэдэгчлэн, хамтлагийнхаасаа хамгийн хөдөлгөөн ихтэй гэгддэг тэрбээр хувийн бизнесээрээ хамгийн баян нь гэсэн шүү.
Тэрбээр анх 2015 онд “МАШ НУУЦ” , 2016 онд “18 нас Би чамд хайртай”, “37-р точка” зэрэг кинонд уянгын романтик гол дүр бүтээснээсээ хойш олны анхааралд ихээхэн өртсөн билээ. Ээжийн эрх хүү гэдгээ хаана ч нууж байгаагүй тэрбээр “ЗУРА-2 “Цурам ажиллагаа” кинонд тусгай хүчний ажилтны дүрээр үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ.