“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгасан байдаг. Улмаар алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэрэгт холбогдуулсан.

Тэгвэл дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэг нь О.Баттөмөрийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэл аж. Тодруулбал, “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд байрлах “Роял каунти” хотхон дахь 200 ам метр талбайтай орон сууц, автомашины хоёр ч зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан байна.


Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2334 хэрэгт хяналт тавьж, 263-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдгээр хэрэг дунд “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэг байгаа аж. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 909 гомдол, хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагынхан хянан үзэж, 283-ыг нь шийдвэрлэсэн аж. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 304, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой долоо, шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай нэг хүсэлт шинээр хүлээн авч, өдгөө 626-г нь хянаж буй гэнэ.