“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид дунд нэг ч прокурор байхгүй-

Хүнсний ногоо тарих, сүү, сүүн бүтээгдэхүүн, блок үйлдвэрлэл, амьдрах ухааны сургалт зохион байгуулах, санхүүгийн тайлан баланс гаргаж, зөвлөгөө өгөх чиглэлээр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхан 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж байсан билээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр болох пирамид болон понзи схмемээр, өндөр өгөөж амлан иргэдээс мөнгө татаж буй луйврын шинжтэй эл үйлдэлд иргэд олноороо хохирч болзошгүй байгаа тухай холбогдох хууль хяналтын байгууллагынхан сэрэмжлүүлж байв.

Гэвч Хөвсгөлийн цөөнгүй иргэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөн дугаарлан зогсож байгаад тус компанийнханд хөрөнгө оруулсан гэдэг. Сануулж, сэрэмжлүүлсээр байтал өөрсдөө сайн дураараа мөнгөө залилагчдад өгч эд хөрөнгөөрөө хохирчихоод буй “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид өчигдөр Төрийн ордон болон АТГ-ын гадна очиж шаардлага хүргүүлэв. “Байр, машин, өөрт байгаа бүх л хөрөнгөө зарж “Бэлтэс мөрөн”-д мөнгөө оруулсан иргэд өнөөдөр орох газаргүй болж, майханд амьдарч байна.

 

Хагалгаанд орох гэж байсан мөнгөө өгөөд авч чадаагүйгээс болж нас барсан хүн ч бий. 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсны 150 гаруй нь АТГ-т өргөдөл өгч, тус компанитай холбоотой этгээдүүдийг шалгуулах хүсэлт гаргаж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанд анхнаас нь хяналт тавиагүй орон нутаг дахь төрийн албан хаагчдын илт буруутай үйл ажиллагнаанаас болж иргэд хохирсон.

 

Нэр бүхий төрийн албан хаагчид ажлаа хийгээгүйгээс болж хөвсгөлчүүд хохирлоо. Засаг дарга болон түүний Тамгын газрынхан, татварын, бүртгэлийн байгууллагын ажилтан, аудитынхан, цагдаа хүчнийхэн “Бэлтэс мөрөн” компанийн ашиг сонирхолд нийцүүлж, увайгүй загнан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй. “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхан хүн хохироогоогүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаасныг хохирогчид эсэргүүцэж байна. Тус компаниас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах ёстой” гэж хохирогчдын төлөөлөл ярьж байсан юм.

Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөл аймгийн зарим удирдлага, тэндэхийн цагдаа, прокурорууд нь хүртэл “Бэлтэс мөрөн”-дөө мөнгө хийгээд залилуулсан” хэмээн бичиж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буй юм. Прокурорын байгууллагынхнаас хохирогчид дунд нь цагдаа, прокурорын ажилтнууд бий, эсэхийг тодруулахад “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокуроруудаас эл хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн байхгүй” гэсэн мэдээлэл өгөв.

МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан нар өчигдөр дээрх компанийн удирдлагад холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөв. Хурандаа Б.Батсуурь “Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” гэх компанийнхан иргэдэд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл ирсний дагуу энэ оны нэгдүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэн хохирсон байдалд дүгнэлт хийж, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан МБА-наас 20-иод мөрдөгч, орон нутгийн 20 орчим гээд нийт 40 гаруй мөрдөгч тус компанийн удирдлагад холбогдох хэргийг шалгаж байна. Шалгалтын ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулж, иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарч байгаа.

Өдгөө аудитын дүгнэлт гаргуулж, хэргийг богино хугацаанд шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

Тэгвэл хурандаа Л.Төгс-Ухаан “Хөвсгөл аймаг үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл ангид зааснаар хэрэг нээсэн.

Улмаар “Бэлтэс мөрөн” компанийн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтыг хийж, тавдугаар сарын 9-нд тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад нийт 15 мянга орчим иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 хүнийг иргэний хариуцагчаар татан шалгаж байна. “Бэлтэс мөрөн” компанийн албан тушаалтнуудын нэр дээрх 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураан авсан. Иргэний хариуцагч 1600 хүнээс 12.1 тэрбум төгрөг буцаан авч, хохирол барагдуулах боломжтой нь шалгалтаар тогтоогдож байна.

Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Анхааруулж, сануулсаар байхад “Бэлтэс мөрөн”-гийн удирдлагад мөнгөө өгч залилуулсан хохирогчид мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд АТГ, Төрийн ордны гадна жагсаж, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулахыг шаардаж буй нь зохисгүй юм.