Төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, Монголын орчин цагийн хөгжмийн үндэс суурийг тавьсан Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сособарам гээд урлагийн олон алдартнуудыг төрүүлснээрээ Баянхонгор нутгийнхан бахархаж явдаг. Тэгвэл эгэлгүй олон хүмүүсийн залгамж халаа болон гарч ирсэн Баянхонгор нутгийн унаган хүү, МУСТА дуучин Д.Нямжав өдгөө үеийн уран бүтээлчдээ түүчээлэх болжээ.
Энэ удаагийн папараци дурандаа түүнийг онцлон дурандлаа. СУИС-ийг дүүргэсэн тэрбээр өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц сайхан уран бүтээлээ олон түмний хүртээл болгон амжжээ.
Анх “Нутгийн бараа”, “Нутгийн шувуу”, “Адууны хийморьтой аав”, “Аавдаа”, “Орчлонгийн сайхан” ээж” гэх мэт олон сайхан дууг ард түмэндээ хүргэж танигдсан тэрбээр өдгөө “Учрах тавилан”, “Номгон хайрхан”, “Морьтой хүний хийморь” зэрэг дуугаараа олны сонорыг мялааж яваа.
Түүнчлэн, тэрбээр “Эвийн түшигтэй анд минь” дууг шинэчлэн дуулсан нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй.