“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэх гэж байна.

Тус компани одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд ТӨХ-ноос зарласан тендерт орж, 2012 онд Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн хурдны авто зам барих тендерт шалгарсан бөгөөд 2014 онд Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай 30 жилийн хугацаатай концессын гэрээг “барих-ашиглах-шилжүүлэх” (BOT) нөхцөлтэйгээр байгуулсан гэрээнийхээ дагуу 1000 км авто замын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер, геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлыг Италийн PIZZAROTTI, английн STORM HARBOUR олон улсын зөвлөх компаниудтай хамтран хийж гүйцэтгэжээ. Мөн Канад улсын Алберто мужийн стандартыг авч хэрэглэсэн нь Монгол Улсад хурдны замын стандарт гэж байхгүйтэй холбоотой юм. Бүхэл бүтэн 11 жилийн хугацаанд тус компани асар их хөрөнгө мөнгө зарж маш олон ажил амжуулсан байна. Тэр дундаа гадны зээл, баталгаа, батлан даалтаар хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэчихсэн гэдэг бол давуу тал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 1000 км хурдны зам барих судалгааны ажлуудыг хийхдээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өндөр шаардлагын дагуу ажиллажээ. Мөн эдийн засгийн нарийвчилсан тооцооллуудыг ч давхар хийж байж ТЭЗҮ -ээ хийсэн аж. ТЭЗҮ бол нарийвчилсан ТЭЗҮ бөгөөд 2014 онд Зам тээврийн яамны шинжлэх ухаан, технелогийн зөвлөлөөр баталгаажуулсан байдаг. Энэхүү ТЭЗҮ -ээ бүхэл бүтэн найман жилийн хугацаанд уйгагүй арчилж, афтэйт хийж, асар их хөдөлмөрлөсний эцэст Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк болоод бусад хөрөнгө оруулалтын сангуудын консерциумээс санхүүжилтээ босгожээ. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замын барилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдах гэнэ. Зам дагаж хөгжил ирнэ гэж бид ярьдаг. Хурдны авто зам баригдсанаар Монголчуудын хувьд бол дэлхийтэй энэ зэрэгцэхүйц хэмжээний хөгжил дэвшлийг авч ирнэ гэж компанийн удирдлагууд тооцоолж буй. Мөн ТЭЗҮ дээр 2.5-3 жилийн хооронд замын дагуух бүтээн байгуулалтууд хийгдэж 35000-45000 хүний ажлын байр шинээр гарч ирнэ. Замын ажил цэгцэрсний дараа замын дагуух шинэ суурьшлын бүсүүд бий болж, 300-400 мянган хүнтэй дагуул хотууд бий болно гэж харж байгаа аж. Ингэснээр Монголчуудын хувьд гадаадад гарч ажиллах бус өөрийн эх орондоо, өөрийн гэр орон, хань ижил, үр хүүхдүүдийнхээ хажууд хамт байж бүтээн байгуулалтын ажилд хүчин зүтгэж амьдралаа өөд нь татах боломж бүрдэнэ гэсэн алсын хараа бий. Ер нь бол улсынхаа хөгжил дэвшилд хамтдаа гэдэг уриатайгаар хурдны авто замыг эхлүүлэхээр болж байгаадаа компанийн удирдлагууд баяртай байна. Дахин хэлэхэд хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд байгуулагдана. Түүнчлэн Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдана. Энэ мэтчилэн бид хийх ажил, төлөвлөлт, бүх л зүйлээ бэлэн болгоод байгаа нь давуу тал юм. Нэмж хэлэхэд
энэхүү хурдны замын хучилтын хийцийн төлөвлөлт, барих-арчлах -засварлах технологийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт 6 орны 10 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлж материалаа ирүүлсэн байгаа гэнэ. Одоогоор Франц, Турк, БНХАУ, Энэтхэг, Польш, Монгол гэсэн орнуудад үйл ажиллагаа явуулдаг зам барилгын болон зураг төслийн зөвлөх компаниуд хурдны авто замд хучилтын хийцийн “бага зардлаар хамгийн чанартай барих технологийг” санал болгожээ.