“Сүнжидмаа”, “Алгирмаа”, “Нуун заяа”, “Үлэмжийн чанар”, “Хоёр сэтгэл” зэрэг ардын дуугаараа олноо танигдаж уран бүтээлээ туурвиж яваа бүсгүй бол Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэн.


Ардын дуу, уртын дууны өв соёлыг тээж, домог хуучийг нь судалж, сонсогч түмэндээ хүргэдгээрээ тэр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Нэгэн ярилцлагандаа “Хөдөөгийн хээр талд, монгол ахуйг мэдэрч өссөн болохоор түүнийгээ би өөрөөсөө байнга нэхдэг. Иймээс би уртын дуу дуулдаг” хэмээн өгүүлж байсан тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат.

Дөрвөн охинтой айлын отгон нь ч гэлээ түүнд эрх танхил зан чанараас илүүтэй ажилласаг, хөдөлмөрч, аливаа зүйлд нямбай няхуур ханддаг зан чанар нь давамгай байдгыг ойр дотныхон нь хэлдэг.

 

Харин тэрбээр бага насандаа ямар хүүхэд байсан бол?

Тэгвэл түүний ээж охиныхоо бага насны тухай “Миний охин чинь хорголжин хар нүдтэй, хүний хайрыг татсан, хэн хаана юу хийж байна тэнд л туслаад гүйж байдаг хүүхэд байсан. Ээжийнхээ ачийг хариулж чадсан даа” хэмээн баяр бахархалтайгаар нулимс унагаж суудаг гэнэ лээ.
Ташрамд дуулгахад, ардын болон уртын дууг өөрийн тослог, торгон хоолойдоо тохируулан дуулж яваа Б.Батцэцэглэн энэ сарын 23-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Уг тоглолт нь Ардын уртын болоод богино дууны уламжлалт хөг, ая данг алдагдуулалгүйгээр цахилгаан амьд хөгжимд оруулан шинэ хөгжмийн найруулга хийж залуу сонсогч нартаа ардын урлагаа орчин үеийн чиг хандлагаар ойртуулан сонсгохоороо онцлогтой гэнэ шүү.