Монголын урлагийн түүхэнд гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол авсан хүмүүс бол Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр нар.

Гэхдээ өнгөрсөн жил Д.Цэрэндагва гуайг төр үнэлж Хөдөлмөрийн баатар цолыг нэмж олгосон.


Урлагийн тогоонд 60 орчим жил зүтгэж яваа тэднийг папараци дурандаа онцлон буулгалаа.


Эрхэм АЖ Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй. 1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе. Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий. Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо ч Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг.