Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өнөөдөр Чингис бондын өрийг дарах захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр тус бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж, барагдууллаа. Хөгжлийн банк 805 тэрбум, самурай 223 сая төгрөгийн өрийг төлөхөд бэлэн болсноор дампуурах эрсдэлээс аврагдсан.


Өчигдрийн жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. “Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй” гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй байх. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлыг анх Арбитрын шүүхэд өгсөн талаар би анх яг энэ танхимд зарлаж байсан. Асуудлыг эхлүүлснээр Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэж нэлээд эргэлзэж байсан. Олон нийт маань маш сайн дэмжсэн, бид бодитой үр дүнд хүрч чадсан. Одоо гүний уурхай энэ хавар ашиглалтад орох хүлээлттэй байна.
“Эрдэнэт”-ийн 49 хувь гэдэг том асуудал ч бий. 49 хувийн схемийг анх би гаргаж тавьж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. “Эрдэнэт үйлдвэр” маш ашигтай ажиллаж байгаа, цар тахлын хүнд үед том нэмэр тус болсон. Холбогдох албан тушаалтнуудын энэ хариуцлагагүй үйлдэл өнөөдөр ил болсон, шүүхийн процессыг нүд цавчихгүй харж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийн асуудал ч энэ 49 хувийн багц асуудал юм. Энэ үйлдвэрүүдийг төрд эргүүлэн авч чадах эсэхдээ ч анх эргэлзэж байлаа. Шийдэгдсэн, гэхдээ амар байгаагүй.
Хамгийн сүүлд ЭТТ ХК-ийн асуудлыг сөхөж тавилаа. “Эрдэнэс Монгол”, ЭТТ ХК-тай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацав. Нүүрсний 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Ард нь ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан бэ. Мөн офф-тейк гэрээ, түүний нууцлалтай холбоотой асуудлуудыг ул суурьтай хөндөн тавьж байгаа. С зөвшөөрөл байна. Үүний цаана тээврийн машиныг урд, хойно нь оруулдаг асуудал байгаа юм биш биз, зөвшөөрлийг яаж, хэрхэн өгч байна. БНХАУ-ын талын мэдээлэлтэй манай гаргаж буй нүүрсний хэмжээ таарч байгаа эсэхэд ч хяналт тавих шаардлагатай.
Ийм учраас ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод явж байна. Энэ бол өмнө дурдсан бүх асуудлуудаас хамгийн амаргүй нь. Тийм ч учраас өргөн цар хүрээнд ажиллах шаардлага зайлшгүй үүснэ. ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг гараад явж буй. Үүн дээр жагсагчид нэлээд анхаарч, шаардлага тавилаа. Өмнөх асуудлуудыг шийдэж чадсан шиг нүүрсний асуудлыг ч шийдэж чадна. Харин иргэд маань хууль хяналтын байгууллагыг анзаарч байгаарай” гэлээ.