АН-ын ээлжит бус XV Их хурал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр /2022.12.06/ хаалттайгаа болсон.

Намын Их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс оролцов. Тодруулан хэлэх юм бол, саналын эрхтэй 938 төлөөлөгч оролцов.

Их хурлын үеэр С.Эрдэнэ илтгэл тавьж, төлөөлөгчид утсаа оролдсон дүр зурагтай байсныг манай папараци дуран онцлон буулгажээ.
Хурлын үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд намууд нэгдэж, өнөөдрийн АН-ыг байгуулсан. Энэ өдөр түүхэн өдөр. АН өнөөдөр улс оронд ус агаар мэт хэрэгтэй улс төрийн хүчин болж. Хэдийгээр өнөөдөр АН-ыг хагаралтай харагдуулах үйл ажиллагаа хүчтэй явагдаж буй ч АН цул, эв нэгдэлтэй хүчирхэг улс төрийн хүчин гэдгээ харуулж чадсан. Бидний дунд байгаа хэсэг нөхөд АН-ын дарга болно гэж сэрүүн зүүдлээд явж байгаа. Бид АН бол хэнээс ч үл хамаарах, хараат бус бие даасан улс төрийн хүчин гэдгийг харуулах ёстой. Бид хэтийн зорилгыг тодорхойлох гэж энд цугласан” хэмээн ярьжээ.