Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсээс иргэд, аж ахуйн нэгжийнхэн архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авч нийслэл болон бусад аймаг, сумууд руу хүргэж борлуулах болсон. Үүнд дээрх чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татваргүй барааны дэлгүүрийн эзэд ч оролцдог нь тодорхой байдаг.
Ингэж их хэмжээгээр иргэдэд борлуулдаг нь Гаалийн тухай хууль түүнийг дагалдуулан баталсан олон журмыг зөрчиж буй гэмт үйлдэл гэдгийг иргэд, аж ахуйн нэгжийнхэн мэддэг ч үл ойшоож байгаа юм. Харин хууль сахиулах байгууллагынхан хууль журам зөрчиж буй эл үйлдлийг анхааралдаа авч шалгаж эхэлжээ.

Бидний авсан мэдээллээр Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын шанд чөлөөт бүс” ХХК-ийн захирал Д.Болд гэх хүн 108 хайрцаг бүхий “Соберано” нэртэй бренди, долоон хайрцаг “Коскенкорва” цагаан архи нийтдээ 1000 шил согтууруулах ундаа худалдсан байна. Худалдан авсан иргэн А.Амартайван “Сүзүки” загварын тээврийн хэрэгсэлд ачин энэ сарын 2-ны үүрээр нийслэл рүү оруулж ирэх үед нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан тухайн архи, вискиг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гаалийн тухай хуулийг дагалдуулан баталсан Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журмын 4.1.10-т “Орох урсгалд байрлах татваргүй барааны дэлгүүрийн бараанаас зорчигчид архи, дарс, шар айргийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд гаалийн болон бусад албан татваргүй оруулахаар заасан тоо хэмжээгээр худалдах”-аар заасан. Харин Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-т заасны дагуу бол архи, дарс тус бүр хоёр, шар айраг гурван литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх журамтай.

Гэвч худалдан авагч нь ч, худалдаж буй тал нь ч хууль, журам зөрчсөн учраас цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ.