Монголчууд баян ядуугийн туйлд орсны нэг жишээг уншигч та Зайсангийн лоунж кафенуудаас харж болно. Энгийн иргэн 5 сая төгрөгийг олох гэж, тийм хэмжээний зээлийг авах гэж махийтлаа хөдөлмөрлөдөг бол, “баячуудын хороолол” гэгдэх тус хэсгийн захын нэг лоунж 5 сая төгрөгийн гишүүнчлэлийн карттай иргэнд зөвхөн үйлчилдэг байх нь.

Тус лоунжийн алганы хонхорхойд багтах төдий аягатай кофе 20-29 мянган төгрөгөөр зарагддаг бол, нэг зүсэм бялуу 39-өөс дээш мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Хамгийн сонирхолтой нь тус лоунжид үйлчлүүлэгч тасардаггүй гэж байгаа.

Яг л энэ жишиг шиг, Зайсан орчмын хавьд өөр нэг вант улс оршин тогтнож байна. Багачууд нь 4-10 сая төгрөгийн цэцэрлэгт хүмүүжиж, сурагчид нь 8-110 сая төгрөгийн сургуульд суралцаж, аав ээж нар нь Таванбогд ХХК-аар орж ирсэн цоо шинэхэн ЛАНД маркийн автомашиныг авахын тулд оочер дараалал үүсгэж байна.

Тэдгээр баячуудын дунд өөрийн хүч хөдөлмөрөөр өдий зэрэгтэй явж байгаа нь байхад, ихэнх тал нь төрөөс төрсөн тэрбумтнууд, тэдний үр сад байдаг гэдэг нь нууц биш.