Төрөөс хүүхдийн мөнгийг олгохдоо төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр тухайн өрхийн амьжиргааны түвшнийг үнэлж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д олгох шийдвэр гаргасан. Гэвч иргэд төрд байх алдаатай мэдээллээс үүдэн оршин суугаа хороо, дүүрэгтээ хандаж, бүртгэлээ шинэчлэхээр хэдэн өдрийг төрийн үйлчилгээнд дугаарлан өнгөрүүлж байна.

Тэгвэл дээрх асуудлаас үүдэн ээжүүдийн төлөөлөл ҮСХ, ХНХЯ-д шаардлага хүргүүллээ. Гэвч албан хариу ирээгүй тул бүртгэлийн мэдээлэл алдаагүй ч хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан 1000 гаруй өрхийн баримтыг хавсарган өнөөдөр ҮСХ-нд шаардлага хүргүүлжээ.

ИРГЭН А.НАРАНЦАЦРАЛ: Хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар өмнө нь мэдээлж байсан. Өрхийн мэдээллээ засаж, залруулахын тулд иргэд хороондоо хандахад зөвхөн мэдээллийг харж өгөхөөс өөр зүйлгүй, нийгмийн даатгал, татварын хэлтэст хандсан ч ажилладаг албан байгууллагаас нь ирүүлсэн мэдээлэл үнэн зөв байна гэх хариуг сонсож, эцэстээ бүртгэлийн алдаа нь хянагдаагүй олон мянган хүүхэд хүүхийн мөнгөн тэтгэмжээ авахгүй нөхцөл байдал үүсээд байна гэлээ.

ИРГЭН Я.БАЯРАА: Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө авах тооноос хасагдсан иргэдийн мэдээллийг залруулахад 14-21 хоног шаардлагатай гэж ЗГ-аас мэдэгдсэн. Одоогийн байдлаар 7 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Гэвч бодит байдал дээр хорооноос дүүрэг, дүүргээс төрийн албан байгууллагын дунд иргэд өрхийн бүртгэлээ засуулж чадахгүй, тэтгэмжээ авах тоондоо багтаж чадахгүй байгаа гэдгээ хэлж байна.