Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн орон сууцын хороолол дунд “Мерседес бенз” загварын автомашин хөлөглөсөн согтуу залуус танхайрч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бичлэг цацагдсан билээ. Уг бичлэгийн дагуу цагдаагийнхан зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Уг явдал 2022 оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь “Инэл зайсан” хотхоны доторх замд болсон байж. “Мерседес бенз” загварын 76-67 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Дэлгэрбат тухайн үед жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл хөлөглөж “Лексус-250”, “Приус-20” автомашин мөргөж зам тээврийн осол гаргаад зогсохгүй дээрх орон сууцын хотхон дунд танхайрч, бие засаж, иргэд рүү салаавч гаргаж байсан аж.

Уг бичлэг одоо ч олон нийтийн сүлжээнд бий бөгөөд эл зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар Х.Дэлгэрбатад 30 хоног баривчлах шийтгэл оноожээ.