Намрын чуулган хаахтай зэрэгцэн УИХ болоод Засгийн газрын гишүүн Н.Учрал “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьж, батлуулсан.

Тус хууль нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна хэмээн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж буй.

Нэгэнт УИХ-аас баталчхаад буй энэ хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн төслийн үйлчлэлийг зогсоох, дахин авч хэлэлцүүлэх шаардлагыг тавих хоёр арга зам бий юм.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчилэн хориг тавьж болдог. Түүний тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Гэвч манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө сошиалд гарсан өөрийнх нь тухай зарим сөрөг мэдээлэлд тун эмзэг ханддаг болохыг сэтгүүлч Өнөрцэцэг өөрийн цахим хуудаснаа онцолсон байдаг.

Хууль батлагдсны дараагаар сошиалд Ерөнхийлөгч тус хуульд хориг тавиулахаар ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл цацагдсан ч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус мэдээлэл нь худлаа болохыг мэдээллэсэн.

Эндээс дүгнэхэд, эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маань Н.Учрал гишүүний сандруу батлуулсан хуульд хориг тавих нь бүү хэл, тоож үзэхгүй байгаа бололтой.


Иймд иргэд зөвхөн Ерөнхийлөгчийн хоригыг хүлээхгүйгээр Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хандах ганцхан арга замтай болоод байна.

Тодруулан хэлбэл, Үндсэн хуулийг зөрчсөн хууль өргөн барьсан сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал, тэрхүү хуулийг нь баталсан УИХ-ыг Үндсэн хуулийн цэцэд өгч болно гэсэн үг. Үндсэн хуулийн цэц тэрхүү өргөдөл, гомдлыг өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Тухайн хуулийг Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал хүчингүй болох юм.

Ташрамд сонирхуулахад, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно хэмээн хуульд бас заасан байдаг билээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Учралыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл гишүүнээс нь эгүүлэн татах асуудал мөн яригдаж болох юм.